“Мал эмнэлгийн клиник ур чадвар-2026” олимпиадын шилдэг баг тодорлоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-17 18:31:39

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Дотор өвчин, эм судлалын тэнхимийн нэрэмжит “Мал эмнэлгийн клиник ур чадвар-2026” анхдугаар  олимпиадыг зохион байгууллаа.

Олимпиадыг оюутан залуусын онолын мэдлэгийг нэмэгдүүлэх, оношилгоо,  клиник ур чадвар, эмчилгээний чадварыг сайжруулах зорилгоор Мал эмнэлзүйн IV, V курсийн оюутнуудын дунд 3 үе шаттай зохион байгуулав. Олимпиадын нэгдүгээр шат 2026 оны 03 дугаар сарын 25-нд Мал эмнэлгийн сургуульд “Онолын мэдлэгээ шалгая” уриан доор зохион байгуулж нийт 108 оюутан оролцсоноос 20 оюутан шалгарч эцсийн шатанд багийн зохион байгуулалтаар оролцлоо. Хоёр, гуравдугаар шат “Ур чадвараар өрсөлдье” уриатай 2026 оны 04 сарын 15-ны өдөр  Мал эмнэлгийн сургуулийн “Өлзийт” хороолол дахь Клиник сургалтын дадлагын баазад боллоо.  

Тэргүүн байрт Б.Итгэлт ахлагчтай “Гэрэлт ирээдүй, хоёрдугаар байрт Т.Мөнхжин ахлагчтай “Vet squad”, гуравдугаар байрт И.Дашжамц ахлагтай “Тэмүүлэл” баг тус тус шалгарлаа. Тус олимпиадыг Төхөм хайрхан ХХК-ийн захирал Н.Бямбасүрэн ивээн тэтгэж, сүүлийн шатанд шалгарсан 20 оюутанд гарын бэлэг гардуулж, 1, 2, 3-р байр эзэлсэн багуудыг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулав. Олимпиадыг ивээн тэтгэж, ирээдүйн ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Төхөм хайрхан ХХК-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

Анхдугаар олимпиад нь оюутнуудын онолын мэдлэгийг шалгаснаас гадна  мэргэжлийн ур чадварыг гардан гүйцэтгүүлсэнээр онцлог байв.



Мал эмнэлгийн сургуулийн Дотор өвчин, эм судлалын тэнхим