Хөдөө аж ахуйн их сургууль Mongolian University of Life Sciences, ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн хамтран “Мөөг судлал-IV” /Mycology-IV/ олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ХААИС-ийн Захиргааны II байрны Эрдмийн зөвлөлийн хурлын танхимд 2026 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулав.
Олон улсын хурлыг ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, дэд профессор Д.Гүрбазар, ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор С.Нямхишиг, ХААИС-ийн Мал аж ахуйн технологи дамжуулах төвийн захирал, дэд профессор О.Баатарцогт нар нээж үг хэллээ.
Хурлын эхний хэсгийн Макромөөгний судалгаа сэдвийн хүрээнд Agaricus arvensis, Tricholoma mongolicum, Pleurotus citrinopileatus зэрэг мөөгийг үржүүлэх шингэн тэжээлт орчны нөхцөлийг оновчтой болгох судалгаа, Ganoderma болон Inonotus hispidus мөөгний биохимийн шинжилгээ, Монголын психоактив мөөгний таксономийн тойм, мөөгний генийн санг хамгаалах асуудал, Мөөгний хаягдлаас биополимер гарган авах зэрэг 13, хоёрдугаар хэсгийн Мөөгний аймгийн бусад организмууд сэдвийн хүрээнд Монголын говь-хээрийн ургамлаас ялгасан Alternaria төрлийн эндофит мөөг, Арбускул микоризын мөөг, Миксомицетийг биоиндикатороор ашиглах боломж, Монголын хуш ойн эко- ба эндофит мөөг, Монголын хаг ургамлын олон төрөл болон дасан зохицох онцлог, хуурай хээрийн хөрсний мөөгний судалгааны 6 илтгэл хэлэлцэж, ханын илтгэлд мөөгөөр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн, Монголын Pleurotus (хясаа) мөөгний төрлийн шинэ бүртгэл, Hericium erinaceus-ийн мицелийн өсөлт зэрэг 6 судалгааг танилцуулсан.
Хуралд Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Энэтхэг, Бүгд Найрамдах Судан, Исламын Бүгд Найрамдах Пакистан, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын эрдэмтэн судлаачид оролцож, биечлэн болон zoom платформоор дамжуулан илтгэл тавьсан нь энэ удаагийн олон улсын хурлын цар хүрээг харууллаа. Тухайлбал, БНХАУ-аас Өвөр Монголын ХАА, Мал аж ахуйн шинжлэх ухааны академийн Haiyan Wang, Li Yajiao, Ding Zhiying нар, Япон улсаас Яманаши их сургуулийн доктор Ryota Kataoka, Энэтхэг улсаас SKUAST-JAMMU их сургуулийн доктор Sachin Gupta, Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсаас Sindh-ийн ХАА-н газрын доктор Riaz Ahmed, Бүгд Найрамдах Судан Улсаас Wad Medani-ийн ХАА-н судалгааны корпорацийн мэргэжилтэн Ahmed Khaled Hassa Mohammedali, Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсаас Үндэсний Биотехнологийн судалгаа, хөгжлийн агентлагийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Timipanipiri ThankGod Wood нар судалгаагаа танилцуулж оролцлоо.
“Мөөг судлал-IV” олон улсын хурал нь Монголын мөөг судлалын салбарын эрдэмтдэд олон улсын түвшинд эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, судалгааны үр дүнгээ хуваалцах, шинжлэх ухааны болон үйлдвэрлэлд нэвтрүүлэх өргөн боломжийг олгосон ач холбогдолтой байв.