ХААИС болон БНХАУ-ын Бохай их сургууль хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-05-26 11:28:44

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бохай их сургуулийн профессор Liu He, профессор Wang Peng нар ХААИС-д 2026 оны 05 дугаар сарын 23–26-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд зохион байгуулсан уулзалтад ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал, дэд профессор Д.Гүрбазар, Инженер, технологийн сургуулийн захирал, доктор Л.Лхагвасүрэн, доктор Б.Итгэл, ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн захирал, доктор М.Пүрэвжав, дэд профессор Ж.Туяацэцэг нар оролцлоо.

Талууд уулзалтын үеэр хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан сургалтын хөтөлбөр болон шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлов.

Мөн зочид ХААИС-ийн Инженер, технологийн сургууль, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн лабораториудтай танилцаж, “Атар өргөө” ХК болон Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркын үйл ажиллагааг үзэж сонирхлоо.

Энэхүү уулзалтын онцлох үр дүн нь хоёр тал хамтарсан лаборатори байгуулах, судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэх, улмаар судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. ХААИС нь олон улсын түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэх замаар судалгаа, инновац, технологи дамжуулалтыг дэмжихэд онцгой анхаарч ажиллаж байна.