ХААИС-ийн оюутнууд цалинтай дадлагажихаар ХБНГУ-ыг зорилоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-04 16:33:38

Хөдөө аж ахуйн их сургууль нь ХБНГУ-ын “JD EAST” дадлага зуучлалын байгууллагатай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудаа олон улсын цалинтай дадлагын хөтөлбөрт хамруулж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 2016 оноос хойш ХААИС-ийн 50 гаруй оюутан ХБНГУ-д амжилттай дадлагажиж, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагаа нэмэгдүүлээд байна.

ХБНГУ-ын Sonnenbergerhof жимсний аж ахуйн эзэн Маркус Шмит 2025 оны 11 дүгээр сард ХААИС-д зочлон, оюутан, багш, холбогдох удирдлагуудтай уулзаж, тус аж ахуйд ХААИС-ийн оюутнуудыг илүү өргөн хүрээнд дадлагажуулах саналыг тавьсан юм.

Тус аж ахуйд 2023 оноос эхлэн ХААИС-ийн оюутнууд тасралтгүй дадлагажиж байгаа бөгөөд жил бүр 10–14 оюутан амжилттай ажиллаж, аж ахуйн нэгжийн зүгээс өндөр үнэлгээ авч ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд 2026 онд тус аж ахуйд дадлага хийх оюутны тоо нэмэгдэж, 27 оюутан 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ХБНГУ-ыг зорин мордлоо.

Оюутнууд дадлагын хугацаанд жимс, жимсгэнийн үйлдвэрлэлийн орчин үеийн технологи, тоног төхөөрөмжтэй танилцаж, ургамал хамгааллын биологийн аргуудыг эзэмшихийн зэрэгцээ сургалтын явцад олж авсан онолын мэдлэгээ үйлдвэрлэлийн бодит орчинд хэрэгжүүлэн, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

Олон улсын дадлагын хөтөлбөрт хамрагдаж буй нийт оюутнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.