ХААИС хамтран “АгроНТРИ–2026” олон улсын тэмцээн анх удаа зохион байгууллаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-06-29 19:27:48

ОХУ-ын Эрхүү хотын Хөдөө аж ахуйн их сургууль болон Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль хамтран “АгроНТРИ–2026” олон улсын тэмцээнийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад анх удаа амжилттай зохион байгуулж, үндэсний аваргуудаа тодрууллаа.

Жил бүр зохион байгуулагддаг энэхүү олон улсын тэмцээнд дэлхийн олон орны 50 мянга гаруй сурагч оролцож, хөдөө аж ахуйн салбарын хамгийн сүүлийн үеийн техник, технологи, инновацтай танилцан, мэдлэг, ур чадвараа сорьдог онцлогтой.

Энэ удаагийн үндэсний шатны тэмцээнд ерөнхий боловсролын дунд болон ахлах ангийн 22 сурагч заавар, зөвлөмжийн дагуу даалгавраа амжилттай гүйцэтгэн өрсөлдсөнөөс:

- Тэргүүн байр – Төв аймгийн Ерөнхий боловсролын 02 дугаар сургуулийн 9б ангийн сурагч Энхбаатарын Энхбаяр шалгарч, “Үндэсний аварга” боллоо.

- Дэд байр – Монгол Тэмүүлэл сургуулийн сурагч Б.Анударь

- Гутгаар байр – Ерөнхий боловсролын 07 дугаар сургуулийн сурагч Э.Энхцэцэг нар тус тус шалгарлаа.

Тэмцээнд Төв аймгийн Угтаал сумын ерөнхий боловсролын сургуулийн орос хэлний багш Н. Нямдаваа хоёр сурагчийг амжилттай бэлтгэн оролцуулсан бөгөөд хамгийн холоос хүрэлцэн ирсэн оролцогчид байлаа.

Үндэсний шатанд тэргүүлсэн гурван сурагч 2026 оны 10 дугаар сард ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдах “АгроНТРИ–2026” олон улсын супер финалд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийн эзэд болсон юм. Тэд супер финалын хүрээнд Эрхүү хотод 2 хоног, Москва хотод 3 хоног дэлхийн бусад орны оролцогчдын хамт танин мэдэхүйн аялалд хамрагдана.

Тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтын ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн ХШУС-ийн захирал И.Баярбат болон КУТ-ийн сургалтын туслах н.Балжинням нарт талархал илэрхийлье.

Оролцогч сурагчид, бэлтгэсэн багш нар болон олон улсын супер финалд эх орноо төлөөлөн оролцох эрх авсан сурагчдадаа халуун баяр хүргэж, дараагийн тэмцээнд өндөр амжилт хүсье!