Бүгд Найрамдах Солонгос Улсын Донгукийн их сургуулийн төлөөлөгчид Хөдөө аж ахуйн их сургуульд 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зочиллоо.
Уулзалтад ХААИС-ийг төлөөлж ГХАТГ-ын дарга Ц.Сүхтулга, Донгукийн их сургуулийн Олон улсын оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Wooho Jeon, Академик хөтөлбөрийн менежер Rakkwan Baek, Онлайн системийн менежер Eunho Kim, Солонгос оюутны асуудал хариуцсан мэргэжилтэн Chanhee Lee нар байлцлаа.

Уулзалтын үеэр хоёр их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцож, оюутан солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, богино хугацааны зуны сургалт, соёлын солилцооны хөтөлбөр зохион байгуулах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав. Түүнчлэн цаашид академик хамтын ажиллагааг бэхжүүлж, багш, судлаачдын хамтарсан солилцоо болон олон улсын боловсролын хөтөлбөрүүдийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.
Донгукийн их сургууль нь 1906 онд байгуулагдсан, 100 гаруй жилийн түүхтэй БНСУ-ын нэр хүндтэй хувийн их сургуулиудын нэг бөгөөд бизнесийн удирдлага, инженерчлэл, мэдээллийн технологи, байгалийн шинжлэх ухаан болон эрүүл мэндийн шинжлэх ухаан зэрэг олон чиглэлээр өндөр түвшний мэргэжилтэн бэлтгэдгээрээ танигдсан сургууль юм.