ХААИС-ийн оюутнууд БНСУ-ын Хөдөө аж ахуй, загас агнуурын үндэсний их сургуульд бүрэн тэтгэлэгтэй суралцана

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-08-31 12:29:03

БНСУ-ын Хөдөө аж ахуй, загас агнуурын үндэсний их сургууль (Korea National University of Agriculture and Fisheries, KNUAF)-ийн сурталчилгааны танхимд Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн (ХААИС) солилцооны хоёр оюутныг хүлээн авах ёслол 08 дугаар сарын 03-нд боллоо.

Ёслолын ажиллагаанд тус сургуулийн ерөнхийлөгч Ли Жү Мён, олон улсын оюутнууд болон холбогдох албаны төлөөлөл оролцож, ХААИС-ийн оюутнуудад халуун дотноор баяр хүргэн, суралцах хугацаанд нь өндөр амжилт хүсэн ерөөлөө. Энэхүү солилцооны хөтөлбөр нь энэ оны эхээр KNUAF-ийн ерөнхийлөгч Ли Жү Мён ХААИС-д айлчлах үеэр байгуулсан “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн хамтын ажиллагааны гэрээний анхны бодит үр дүн болж байгаа бөгөөд хоёр их сургуулийн хамтын ажиллагаа, олон улсын боловсролын солилцоог шинэ шатанд гаргаж буй онцлох үйл явдал юм.

Тус бүрэн тэтгэлэгт солилцооны хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад ХААИС-ийн нийт 7 оюутан өргөдөл гарган өрсөлдсөнөөс Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Загас агнуурын ангийн оюутан О.Амгаланзаяа, Хүнсний чанар, аюулгүй байдлын хөтөлбөрийн II дамжааны оюутан Г.Цасангуа нар шалгарсан юм.

Шалгарсан оюутнууд тус бүр 22 сая воны бүрэн тэтгэлэгт хамрагдах бөгөөд нислэгийн зардал, амьжиргааны тэтгэлэг, дотуур байр, хоолны зардал бүрэн багтсан билээ. Оюутнууд 2026 оны 08 дугаар сараас эхлэн нэг сарын хугацаанд мэргэжлийн дадлага, дасан зохицох хөтөлбөрт хамрагдах бөгөөд 09 дүгээр сарын 01-ээс эхлэн хичээлийн хуваарийн дагуу үндсэн сургалтдаа суралцах юм. Бүрэн тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудадаа баяр хүргэж, сурлага, эрдэм шинжилгээ, соёлын солилцоонд өндөр амжилт гарган, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гүүр болж ажиллана гэдэгт итгэлтэй байна.