“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл судалгаанаас инновац, бизнесийн шатанд шилжиж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-04-27 12:29:39

Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-ийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хамтарсан судалгааны багуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ хийж, үр дүнг нэгтгэн дүгнэх ажлыг 2026 оны 04 дүгээр сарын 13–20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү ажлыг Боловсролын яам, Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон төслийн зөвлөх баг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд МУИС, ШУТИС, ХААИС-ийн нийт 26 хамтарсан судалгааны багийн үйл ажиллагаа, үр дүн, цаашдын хөгжлийн чиглэлийг үнэлэн дүгнэв.

Судалгааны багууд нь байгаль орчин, эрчим хүч, хөдөө аж ахуй, дэвшилтэт материал, дижитал технологи зэрэг олон чиглэлд 10 гаруй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулж, Монгол Улсад судалгаанд суурилсан их сургуулийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулж байна. Төслийн хүрээнд олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлд МУИС-аас 149, ШУТИС-аас 250, ХААИС-аас 6 өгүүлэл хэвлүүлж, их сургуулиудад гарааны компаниуд амжилттай байгуулагдан, судалгаанд суурилсан бизнесийн эхлэл тавигдаад байна. Дрон технологи, биотехнологийн бүтээгдэхүүн, шинэ материал, дижитал шийдэл зэрэг инновацын бодит үр дүнгүүд гарч, инженерийн лаборатори, нарны эрчим хүчний систем, туршилтын төвүүдийг байгуулсан нь судалгааны орчныг шинэ шатанд гаргасан чухал ахиц болж байна.

МУИС-ийн дэргэд байгуулагдсан Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк нь судалгаа–инновац–үйлдвэрлэлийн уялдаа холбоог хэрэгжүүлэх чухал дэд бүтэц болон хөгжиж байна. Тус парк нь 7000 м.кв талбайд технологи дамжуулах төв, үйлдвэрлэлийн туршилтын орчин, “Гэр лаб” инженерийн урлан, усны чанарын лаборатори, робот, дроны урлан зэрэг олон чиг үүргийг нэг дор төвлөрүүлж, судлаач, оюутан, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих инновацын экосистемийг бүрдүүлж байна. Төслийн санхүүжилтээр 2025 онд Гэрлаб инженерийн урлан, Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк, Академик хэвлэл хөгжүүлэх нийт 117 нэр төрлийн 201 ширхэг багаж тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн бөгөөд эдгээр нь 1,3 сая ам.долларын хөрөнгө оруулалт болсон байна.

ШУТИС-ийн хүрээнд төслийн хэрэгжилт нь сургалт, судалгаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодит үр дүн авчирч, орчин үеийн лабораториудыг шинэчилж, олон мянган оюутан, судлаачид сургалт, судалгаандаа ашиглах боломж бүрдсэн байна. Түүнчлэн зэргийн бус сургалтын хөтөлбөрөөр багш, судлаачид Япон Улсад сургалт, дадлага хийж, судалгааны арга зүй, инновацын менежмент, технологи дамжуулалт, стартап хөгжүүлэх ур чадварыг эзэмшсэн нь төслийн тогтвортой үр өгөөжийг бэхжүүлж байна. Тухайлбал, 2026 онд ШУТИС-ийн багш, судлаачид Япон улсын Кюүшү их сургуульд зохион байгуулагдсан “Инновац, энтрепренершип” сургалтад хамрагдаж, их сургуулийн стартап дэмжих тогтолцоо, инновацын экосистемийн туршлагатай танилцан, олон улсын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг хэлэлцсэн нь онцлох үр дүн болж байна. Төслийн санхүүжилтээр 2025 онд шинээр Байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж, цахим хичээл, контент үйлдвэрлэх судлахтай холбоотой нийт 1,1 ам.долларын үнэ бүхий 135 нэр төрлийн 783 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байна.

Хөдөө аж ахуйн их сургуулийн судалгааны багууд мал аж ахуй, биотехнологи, тэжээл үйлдвэрлэл, генетик судалгааны чиглэлээр бодит хэрэглээнд ойр үр дүнгүүдийг гаргасан байна. Малын тэжээлийн шинэ технологи (TMR)-ийг хөгжүүлж, туршилтаар сүүний гарцыг нэмэгдүүлэх үр дүнд хүрсэн нь үйлдвэрлэлд шууд нэвтрүүлэх боломжтой шийдэл болж байгаа бөгөөд малын генетикийн судалгаагаар үүлдрийн чанарыг сайжруулах, экспортын боломжийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Мөн биотехнологийн судалгаагаар ургамал, микроорганизмд суурилсан биобордоо, өсөлт дэмжигч бүтээгдэхүүн боловсруулах боломж бий болж, хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт өргөн хэрэглэх боломж бүрдэж байна. Төслийн санхүүжилтээр 2025 онд шинээр 0,7 сая ам.долларын үнэ бүхий 72 нэр төрлийн 805 ширхэг Байгалийн ухааны лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан байна.

Үйл ажиллагааны үр дүнгээс харахад M-JEED төслийн судалгаанууд шинэ шатанд гарч, бодит эдийн засгийн үр өгөөж бий болгох чиглэлд шилжиж эхэлсэн байна. Монгол–Японы компани, стартапуудын хооронд хамтарсан хөгжүүлэлт, туршилтын хамтын ажиллагаа эхэлж, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр шууд хамтын ажиллагаа өрнөж байна. Зарим судалгааны багуудын хувьд стартап байгуулах, технологи дамжуулах боломж бодитоор бүрдэж, хоёр улсын байгууллагуудын хооронд шинэ түншлэл, хамтын ажиллагаа нэмэгдэж байгаа нь судалгааг инновац, бизнес, үйлдвэрлэлийн бодит шийдэл болгон хөгжүүлэх боломж бүрдсэнийг харуулж байна.

Ийнхүү M-JEED төсөл нь судалгаанд суурилсан их сургуулийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна судалгаа–инновац–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлж, инновац, стартап экосистемийг бодитоор бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Энэхүү хяналт-шинжилгээний үр дүн нь төслийн хүрээнд хэрэгжиж буй судалгаанууд судалгаанаас инновац, инновацаас бизнес, үйлдвэрлэлд шилжих шинэ үе шатанд хүрснийг тодорхой харуулж байгаа бөгөөд цаашид эдгээр үр дүнг бизнесжүүлэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь дараагийн чухал зорилт болж байна.