“MULS-My global story”
ХААИС-ИЙН МААБС-ИЙН БАГШ А.БУЛГАН:
А.Булган миний бие ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр, тэжээллэгийн тэнхимд багшилдаг. Япон улсын Ракуно Гакуен их сургуульд 2025 оны 05 дугаар сарын 27-оос 2026 оны 03 дугаар сарын 31-ний хооронд 10 сарын хугацаатай зочин судлаачаар амжилттай ажиллаад ирлээ. Энэхүү хөтөлбөрийг гадаад харилцааны албанаас зарлахад тус сургуулийн профессоруудтай холбогдон, тэжээлийн эрдэнэ шиш тариалах судалгаанд хамтран ажиллах, үр дүнгээр нь эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлэх, өгүүлэл бичих зорилгоор хамтран ажиллаж Японы соёл, ёс заншил, нийгэм, хүмүүсийн амьдрал, оюутан багш нарын сургууль дээрх үйл ажиллагааг ажиглан бахархан үлгэр дууриалал авч байлаа.
Япончуудын хүмүүсийг хүндэтгэн харилцах, хэлсэн үгэндээ үнэнч хандах, аливааг нухацтай бодож, хэрэгжүүлэх, бусдын эрхийг хүндэтгэх соёл маш их таалагдсан. Сургуулийн орчинд судалгаа шинжилгээний ажилд оролцохоос гадна профессорынхоо хичээл, хээрийн дадлага, лекцийн хичээл зохион байгуулахад оролцож, тусалж байв.
Үүнээс үзэхэд хөдөө аж ахуйн салбарын аливаа судлагдахууныг зуны улиралд аль болох бодит обьект дээр тулгуурлан хичээл орох нь оюутнуудыг илүү дадлагажуулах, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байгааг харсан.
Миний бие сургуулийн болон сургуулиас гадуурх бусад үйл ажиллагаанд Монголоо сурталчлах, мэргэжлийн ёс зүйг сахин ажиллах, бусдад зөв үлгэр дууриалал үзүүлэх, хамтран ажиллах арга барилыг эрхэмлэн суралцахыг хичээлээ.
Судалгааны үр дүнд эрдэм шинжилгээний хуралд 1 илтгэл хэлэлцүүлж, 1 өгүүлэл бичиж хэвлүүлэхэд бэлэн болгосон амжилттайгаар хөтөлбөрөө дуусгаад ирсэн. Та бүхэн энэхүү хөтөлбөрөөр дараа дараагийн сонгон шалгаруулалтад оролцохыг хүсвэл миний бие та бүхэнд өөрийн зүгээс тусалж дэмжихэд хэзээд бэлэн байгааг дуулгахад таатай байна.
.jpeg)
.jpeg)
.jpeg)