ХААИС, Японы Нийгата эм зүй, анагаах ухаан, амьдралын шинжлэх ухааны их сургуультай харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-10-05 18:06:36

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС) болон Япон Улсын Нийгата эм зүй, анагаах ухаан, амьдралын шинжлэх ухааны их сургууль (Niigata university of pharmacy and medical and life sciences-NUPMLS) хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ХААИС-д боллоо.


Ёслолын ажиллагаанд ХААИС-ийн ректор Б.Баасансүх, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох, Гадаад хамтын ажиллагаа, түншлэлийн газрын дарга Ц.Сүхтулга, Мал эмнэлгийн сургуулийн захирал Ц.Эрдэнэ-Очир, Инженер, технологийн сургуулийн захирал Л.Лхагвасүрэн, ГХАТГ-ын мэргэжилтэн Р.Батчимэг, NUPMLS-ийг төлөөлж дэд ерөнхийлөгч, профессор Мицүтоси Ито, Хэрэглээ, амьдралын шинжлэх ухааны сургуулийн захирал, профессор Хироаки Такакү, дэд ерөнхийлөгчийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Акихира Ота нар байв.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд хоёр их сургууль багш, судлаач, оюутан солилцоог хөгжүүлэх, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний мэдээлэл, туршлага солилцох, сургалт, семинар болон бусад академик үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

Санамж бичиг нь ХААИС-ийн Япон Улсын их, дээд сургуулиудтай хөгжүүлж буй хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр олон улсын түншлэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Уулзалтын дараа NUPMLS-ийн төлөөлөгчид ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль болон Жижиг амьтны эмнэлэгтэй танилцлаа.

NUPMLS-ийн үндэс суурь нь 1967 онд тавигдаж, 1977 онд Niigata University of Pharmacy байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Улмаар 2002 онд Applied Life Sciences Faculty байгуулагдаж, эм зүй болон хэрэглээ, амьдралын шинжлэх ухааны чиглэлээр өргөжсөн байна.