ХААИС, БНХАУ-ын Ши Диан их сургуулийн Ханжоу хот дахь салбар судалгааны хүрээлэнтэй хамтарсан сургууль байгуулахаар санал солилцов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-08-31 17:43:12

БНХАУ-ын Ши Диан их сургууль (Xidian University, XDU)-ийн Ханжоу хот дахь судалгааны хүрээлэнгийн Гадаад харилцааны албаны дарга Ли Сяочэн тэргүүтэй төлөөлөгчид 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургуулийн ректор Б.Баасансүхтэй уулзаж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан сургууль байгуулах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ши Диан их сургуулийн Ханжоу хот дахь салбар сургуультай хамтран хамтарсан сургууль байгуулах, оюутнуудыг хоёр улсын их сургуульд 2+2 хөтөлбөрөөр суралцуулах боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцав.

ХААИС-ийн ректор Б.Баасансүх уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан сургууль байгуулах нь Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн хүрээнд боломжтой болохыг тэмдэглээд, уг асуудлыг хэрэгжүүлэхэд ХААИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийн зөвшилцөл, шийдвэр чухал ач холбогдолтой болохыг онцоллоо. Мөн хамтын ажиллагааг үе шаттайгаар хөгжүүлж, харилцан ашигтай, тогтвортой түншлэлийг бий болгох нь чухал гэдгийг тэмдэглэв.

Ши Диан их сургуулийн Ханжоу хот дахь салбар судалгааны хүрээлэнгийн Гадаад харилцааны албаны дарга Ли Сяочэн хамтарсан сургуулийн сургалтын загварын талаар танилцуулахдаа, оюутнууд эхний хоёр жилийн сургалтаа БНХАУ дахь Ханжоугийн салбарт, дараагийн хоёр жилийн сургалтаа Монгол Улсын ХААИС-д үргэлжлүүлэн суралцах боломжтой байхаар төлөвлөж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хамтарсан сургуулийн хүрээнд мал эмнэлэг, бизнесийн удирдлага, мал аж ахуй зэрэг чиглэлээр бакалаврын түвшний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалтыг хятад болон англи хэлээр зохион байгуулах боломжтой гэж үзлээ.

Сургалтын төлбөрийн хувьд оюутнууд эхний хоёр жилийн сургалтын төлбөрийг БНХАУ-ын Ши диан их сургуулийн Ханжоу хот дахь салбарт, үлдсэн хоёр жилийн сургалтын төлбөрийг Монгол Улсын ХААИС-д төлөх боломжтой хувилбарыг санал болгов.

Уулзалтын төгсгөлд хоёр тал хамтарсан сургууль байгуулахтай холбоотой хууль эрх зүйн орчин, сургалтын хөтөлбөр, элсэлт, сургалтын төлбөр, оюутны шилжилт хөдөлгөөн болон хэрэгжүүлэх механизм зэрэг асуудлыг цаашид нарийвчлан судалж, харилцан санал солилцон, хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо.