БНХАУ-ын Шаньси их сургуулийн профессор багш нар ХААИС-ийн удирдлагатай уулзлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2026-09-08 12:19:18

БНХАУ-ын Шаньси их сургуулийн төлөөлөгчид ХААИС-ийн удирдлагатай 2026 оны есдүгээр сарын 07-ны өдөр уулзаж, хоёр их сургуулийн цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлийн талаар санал солилцлоо.

Уулзалтад ХААИС-ийг төлөөлж, ректор Б.Баасансүх, Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Э.Төмөртогтох, ИТС-ийн профессор Б.Мөнхбат, Шаньси их сургуулийн профессор, Инженерүүдийн сургуулийн захирал, Шаньси мужийн Шар мөрний лабораторийн гүйцэтгэх захирал Чэн Фангчин (Fangqin Cheng), Шаньси их сургуулийн Нөөц ба хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгийн профессор Сюэ Фанбин (Fangbin Xue) тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Хоёр талын уулзалтын үеэр хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, оюутан харилцан солилцох, сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Хамтарсан төслийн үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлнэ

Шаньси их сургууль болон ХААИС-ийн Инженер, технологийн сургууль нь “Нүүрсний уурхайн хаягдал чулуулгаас хөрс сайжруулах экологийн цэвэр бүтээгдэхүүн гарган авах технологи боловсруулах” чиглэлээр хамтарсан төсөл амжилттай хэрэгжүүлж байна.

Тус төслийн хүрээнд боловсруулсан технологи, судалгааны үр дүнг цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах чиглэлээр хоёр тал тодорхой тохиролцоонд хүрээд байна. Энэхүү хамтын ажиллагаа нь уул уурхайн хаягдлыг дахин ашиглах, хөрсний чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг чиглэлээр практик ач холбогдолтой юм.

Шаньси их сургуулийн тухай

Шаньси их сургууль нь БНХАУ-ын хамгийн эртний дээд боловсролын байгууллагуудын нэг бөгөөд үндэсний “Давхар нэгдүгээр зэрэглэл” (Double First-Class) санаачилгын хүрээнд тодорхойлогдсон их сургууль юм. Тус их сургууль нь БНХАУ-ын Боловсролын яам болон Шаньси мужийн Ардын засгийн газрын хамтын дэмжлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Шаньси их сургууль нь 1902 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 26,502 бакалаврын оюутан, 9,854 бүрэн цагийн магистрын оюутан, 1,423 хагас цагийн магистрын оюутан, 1,997 докторын оюутан суралцаж байна. Шаньси их сургууль нь сургалт, судалгааны өргөн хүрээтэй бөгөөд үндэсний түвшний тэргүүлэх зэрэглэлийн бакалаврын хөтөлбөр 42, мужийн түвшний тэргүүлэх зэрэглэлийн бакалаврын хөтөлбөр 14, үндэсний болон мужийн түвшний олон тооны тэргүүлэх зэрэглэлийн сургалтын хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

Хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэнэ

Уулзалтын үр дүнд хоёр их сургууль хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, оюутан харилцан солилцох, мэргэжил дээшлүүлэх болон сургалт, эрдэм шинжилгээний бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ.