Энэ хөтөлбөрийн дагуу бэлтгэгдсэн мэргэжилтэн нь мал амьтан, ургамлын гаралтай түүхий эдийн анатом, морфологийн бүтэц, химийн найрлагыг тодорхойлох, тэдгээрийн боловсруулалтын үед гарах өөрчлөлтийг бодис солилцооны биохимийн үүднээс тайлбарлах, боловсруулах технологийн горимыг хянах, тохируулах, аппарат тоног төхөөрөмжүүдийг ажлуулах, үйлдвэрлэлийн процессыг хөтлөх, эрхлэн явуулах, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнд задлан шинжилгээ хийх онол, арга зүйн цогц мэдлэг чадвар эзэмшиж Монгол оронд хүнсний болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэх, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хүн амыг үндэсний үйлдвэрийн экологийн цэвэр, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнээр хангах, ХАА-н гаралтай түүхий эдийг дотооддоо өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгон боловсруулах, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг өнөөгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, шаардлагад тохирсон мэргэжилтэй болж төгсөх юм.
ХАА-н бүтээгдэхүүний хими технологийн хөтөлбөрийн зорилго нь бүрэн дунд боловсролтой хүнийг элсүүлэн их сургуулийн суурь боловсрол олгож, улмаар ХАА-н бүтээгдэхүүний хими-технологийн чиглэлээр хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд оршино.
Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн тус мэргэжлийн бакавлаврын сургалтын хөтөлбөрийн агуулга нь дараах зорилтуудыг агуулж байна.Үүнд:
- Ерөнхий суурь ухааны хэсгийн агуулга нь суралцагчдад дээд боловсрол олгоход зайлшгүй шаардлагатай нийгэм-хүмүүнлэг, бусад шинжлэх ухааны үндсийг эзэмшүүлэх
- Мэргэжлийн суурь хэсгийн агуулга нь суралцагчдад ХАА-н бүтээгдэхүүн судлал, хими технологийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай онол-арга зүйн мэдлэг эзэмшүүлэх
- Мэргэшүүлэх хэсгийн агуулга нь суралцагчдад нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төрөл бүрийн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх
- Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан сургалтын дадлага I,II болон үйлдвэрлэл дээр хийх дадлагууд нь суралцагчдад төгсөлтийн дараах ажлын байранд зохицон ажиллах мэдлэг, дадал, чадвар олгоход тус тус чиглэгдэнэ.
Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, Зайсан, ХААИС МААБС-ийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхим
Цахим хаяг: chemistry@muls.edu.mnУтас: 976-70111910