Тус хөтөлбөрөөр суралцагч 4-өөс доошгүй жил суралцаж 120-иос багагүй багц цагийг цуглуулна. “Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй” /D620700/ мэргэжлийн хөтөлбөрөөр 2003 онд анхны төгсөлт хийсэн байна. Энэхүү хөтөлбөрөөр бэлтгэсэн мэргэжилтэн нь Монгол орны уур амьсгал, хөрс, ургамалжилт, экологийн онцлог, газар тариалан эрхлэх арга туршлага, орчин үеийн дэвшилтэт технологи, газар тариалан эрхлэхэд өргөн ашиглагддаг машин механизм, жижиг аж ахуй, нэгжийг удирдах санхүү, эдийн засаг, менежментийн үндсийг судлан, фермерийн аж ахуй байгуулж технологи үр ашгийг нь дээшлүүлэн бизнес эрхлэх мэдлэг, дадал, чадварыг эзэмшдэг. Ийнхүү бэлтгэгдсэн боловсон хүчин нь өөрөө бие дааж фермерийн аж ахуйг байгуулах, ХХААЯ, түүний харьяа агентлагууд, хот, аймаг, сумын засаг даргын тамгын газар, жижиг, дунд үйлдвэрийн газарт болон газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн мэргэжилтэн, менежер, технологичоор ажиллана. Түүнчлэн магистр, докторын шатны сургалтад үргэлжлэн суралцаж сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн байгууллагад ахисан түвшинд ажил хөдөлмөр эрхлэх боломжтой.
Зорилго:
Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй мэргэжлийн хөтөлбөрийн зорилго нь “Дээд боловсролын тухай” хуулийн “мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, өндөр соёлтой иргэн төлөвшүүлэхэд чиглэгдэнэ” гэсэн заалттай нягт уялдаатай.
Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй мэргэжлийн хөтөлбөрийг цар хүрээ, агуулгын хувьд БШУЯ, ХХААЯ, ХААИС-ийн эрхэм зорилгод нийцүүлэн хэрэгжүүлдэг бөгөөд Газар тариалангийн үйлдвэрлэлийн дэвшилтэт технологийг эзэмшсэн, экологийн тэнцвэртэй төлөв байдалд сөрөг нөлөөгүй бүтээмжит аж ахуйг эрхлэн хөгжүүлэх чадвартай мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Зорилтууд:
- Хөтөлбөрийн зорилт нь мэдлэг, чадвар, үйл явцын төлөвшлийг бүрэн илэрхийлсэн багц бүлгүүдийн үр дүнгээр тодорхойлогддог. Үүнтэй уялдан Газар тариалангаар мэргэшсэн фермерийн аж ахуй хөтөлбөрийн үйл ажиллагааны стратегийн зорилтыг тодорхойлон хэрэгжүүлж байна. Үүнд:
- Газар тариалангийн болон фермерийн аж ахуйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын их, дээд сургуулиудтай сургалтын уялдаа холбоог тогтоон хамтран ажиллаж, дотоод, гадаадад өрсөлдөх чадвартай, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай мэргэжилтэн, судлаачдыг шаталсан сургалтаар бэлтгэх
- Газар тариалангийн болон фермерийн аж ахуйн онолын болон хэрэглээний судалгааг төрийн ба хувийн хэвшлийн байгууллага, ажил олгогчид, төгсөгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн онол арга зүйн өндөр түвшинд хүргэх
- Газар тариалангийн салбарын болон фермерийн аж ахуйн хөгжлийн ерөнхий чиг хандлага, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдсан суурь ба хавсарга судалгааг хөгжүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах
- Газар тариалангийн болон фермерийн аж ахуйн судалгааны ажлын үр дүн, инновацийг тухайн салбарын бизнест нэвтрүүлэх