Тайванийн Боловсролын яам “Хятад хэлний тэтгэлэгт хөтөлбөр” зарлалаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-06 16:32:20

Монгол Тайвань хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Тайванийн Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд Монгол Улсын иргэдэд Хятад хэлний тэтгэлэг олгохоор болсон. Тус тэтгэлэгт 18-аас дээш насны бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй Монгол Улсын иргэд хамрагдах боломжтой бөгөөд суралцах хугацаа 2024 оны 09 дүгээр сараас 2025 оны 08 дугаар сар хүртэл байх ба тэтгэлэг олгох хугацаа нь 3 сар эсвэл зуны 2 сар байх юм.

Тус тэтгэлгийн хүрээнд сар бүр оюутанд 25.000 тайвань доллар /NTD/ (ойролцоогоор 830 орчим ам.доллар) олгогдоно. Уг тэтгэлэгт өргөдөл гаргагч нь хоёр талын онгоцны тийз, Тайвань дахь унааны зардал, байр, сургалтын төлбөр зэргийг өөрөө хариуцах шаардлагатай. Энэхүү тэтгэлгийг Хятад хэлний төвд олгох бөгөөд үүний дараа сургалтын төвөөр дамжуулан тэтгэлэг хүлээн авагч нь тэтгэлгийг хүлээн авна.

Тавигдах шаардлага: 18-аас дээш насны, бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш зэрэгтэй, онц сайн дүнтэй төгссөн, сахилга бат сайтай Монгол Улсын иргэн байх. Доорх нөхцөлд тэтгэлэгт бүртгүүлэх боломжгүй.

  1. Цагаач иргэн, Тайванийн паспорттай иргэн
  2. Одоо Тайваньд Хятад хэлээр суралцаж буй оюутан болон урьд нь Тайваньд эрдмийн зэргээр суралцаж байсан оюутан
  3. Урьд нь тус тэтгэлэгт хөтөлбөрт болон Тайванийн боловсролын яамны тэтгэлэгт хамрагдаж байсан оюутан
  4. Тайваньд суралцах хугацаандаа Тайванийн их, дээд сургууль болон гадаадын их, дээд сургууль хоорондын боловсролын хамтын ажиллагааны гэрээний шугамаар суралцаж байсан солилцооны оюутан
  5. Мөн Тайванийн төрийн байгууллагууд эсвэл их дээд сургуулийн тэтгэлэг болон тэтгэмж, авч байсан оюутан

Бүрдүүлэх материал:

Тэтгэлэгт хөтөлбөрт өргөдөл гаргагч нь 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө (Ажлын өдрүүдэд 9:00-12:00 цагийн хооронд) доорх материалыг Тайванийн  төлөөлөгчийн газарт бүрдүүлж өгнө.

  1. Ажил эрхэлж буй байгууллагын дарга, удирдлага эсвэл суралцаж буй сургуулийн захирал болон багшийн гарын үсэг бүхий тодорхойлолт захидлын эх хувь
  2.  Тэтгэлгийн өргөдлийн маягт
  3. Боловсролын яамны Хятад хэлний тэтгэлгийн бичигт гарын үсэг зурсан эх хувь
  4. Тэтгэлэг хөтөлбөрт өргөдөл гаргагчийн гадаад паспортын хуулбар
  5. Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш эрдмийн зэргийн гэрчилгээ болон дүнгийн хуудасны хуулбар
  6. Тайванийн Хятад хэлний сургалтын төвөөс ирүүлсэн Хятад хэлний бэлтгэл ангид элсэн суралцахыг зөвшөөрсөн урилгын хуулбар
  7. Санхүүгийн баталгаа 3000 ам.доллароос доошгүй байх /Өөрийн дансандаа байршуулах/

    Дээр дурдсан материалуудыг бүрдүүлж, тус төлөөлөгчийн газарт бичгээр ирүүлсэн байх шаардлагатай бөгөөд тус Төлөөлөгчийн газар нь тэтгэлэгт урьдчилсан байдлаар тэнцсэн хүмүүсийн нэрсийг 2024 оны 05 дугаар сарын сүүлээр зарлана.

Тэтгэлгийн өргөдлийн маягт, Хятад хэлний тэтгэлгийн бичиг болон Тайвань дахь Хятад хэлний сургалтын төвүүдийн нэрсийн жагсаалт зэргийг  interrnational@muls.edu.mn хаягаар мэйл илгээж авна уу.

    Тэтгэлгийн материал хүлээн авах газар: Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар

Монгол Улс, Улаанбаатар хот-13 Чингэлтэй дүүрэг, Ш/х-1269, Жуулчны гудамж-38, Тайванийн төвийн 3 давхарт

Холбогдох утас: 976-11-322735, Факс: 976-11-922916