Захирлын 2016 оны

 А/87 тоот тушаалын хавсралт

 

ПРОФЕССОРЫН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 

 

1.1.     ХААИС-ийн профессор, багш, оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, нийгэмд үйлчлэх хүрээг өргөтгөх замаар их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны чадавхийг бэхжүүлэх зорилгоор профессорын баг байгуулах, багийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2.     Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа гүйцэтгэж, эрдэм шинжилгээсургалт-бизнесийн нэгдлийг хангаж ажиллах чадвартай, бүтээлч профессор, багш, судлаач, суралцагсадаас бүрдсэн их сургуулийн бүтцийн үндсэн нэгжийг профессорын баг /цаашид баг гэх/ гэнэ.

1.3.     Профессорын баг байгуулах, татан буулгах асуудлыг бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн саналд үндэслэн ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, ХААИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулна.

 

 

Хоёр. БАГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ, 
БАГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА 

2.1.     ХААИС-ийн профессорын баг дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1.1. Бакалаврын болон ахисан төвшний суралцагсдад туршилт, судалгааны ажлын арга зүй эзэмшүүлэх, тэдгээрийн оюуны авьяас, чадварыг нээн хөгжүүлэх, судлаачдын залуу халааг бэлтгэх;

2.1.2. Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх;

2.1.3. Судалгааны ажлын үр дүнгийн нийгэм, эдийн засгийн үр нөлөөг дээшлүүлэх, зах зээлийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан шинэ дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүн бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэх; 

2.1.4. Судалгааны материаллаг баазыг бэхжүүлж, салбарын инновацийн дэд бүтцийг бий болгох;

2.1.5.  Багийн судалгааны үйл ажиллагааны хүрээнд эрдэм шинжилгээний бага хурал, семинар, сургалт зохион байгуулах зэрэг болно. 

2.2.     Профессорын багт дараах шаардлага тавигдана. Үүнд:

2.2.1. Судалгааны төсөл хэрэгжүүлж, туршилт, судалгааны ажлын санхүүжилтын эх үүсвэр бүрдүүлж ажилладаг байх;

2.2.2. Бакалаврын болон ахисан төвшний сургалт, судалгааны ажил идэвхитэй гүйцэтгэдэг байх;

2.2.3. Багийн судалгааны орчинг бэхжүүлж, бүрдүүлсэн байх; 

2.2.4. Судалгааны үр дүнгээр шинэ мэдлэг бий болгох, мэдлэгийг нийтийн хүртээл болгох, инновацийн идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байх; 

2.3.     Энэхүү журмын 2.2 дахь хэсэгт заасан шаардлагуудын аль нэгийг хангаагүй тохиолдолд профессорын баг байгуулах чадамжгүй гэж үзэх буюу багийг татан буулгах эсвэл өөрчлөн зохион байгуулагдах үндэслэл болно.

 

Гурав. БАГИЙН БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭЛДЭХҮҮН 

 

3.1.     Профессорын багийн гүйцэтгэх судалгааны ажлын агуулга, нийгэм, эдийн засгийн ач холбогдол, үр дүнг ашиглах хүрээ, үр өгөөж зэргийг харгалзан багийн ахлагчийн ажлын хөтөлбөрийг үндэслэн профессорын багийг тэнхимийн харьяанд байгуулна.

3.2.     Сургалт, судалгааны тухайн чиглэлээр зөвхөн нэг профессорын баг ажиллах ба бүрэлдэхүүн сургуулийн профессор, багш нар салбар дундын шинжтэй хамтарсан судалгааны профессорын баг байгуулан ажиллаж болно. 

3.3.     Тэнхим нь хэд хэдэн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлж буй тохиолдолд профессорын багийн үйл ажиллагаа ба сургалтын хөтөлбөрийн нэгдсэн зохицуулалтыг тэнхмийн эрхлэгч хариуцна.

3.4.     Профессорын баг нь орон тооны ба орон тооны бус гишүүдээс бүрдэнэ. Орон тооны гишүүнд багийн ахлагч, профессор, дэд профессор, туслах ажилтан, орон тооны бус гишүүнд зочин болон зөвлөх профессор, гэрээт эрдэм шинжилгээний ажилтан болон багш, докторант, магистрант болон бакалаврын оюутнууд багтах ба багийн гишүүдэд дараах шаардлага тавигдана. Үүнд:

3.4.1. Багийн ахлагч (1) - ХААИС-ийн үндсэн багш, ажилтан байх ба боловсролын (PhD) доктор болон түүнээс дээш эрдмийн зэрэгтэй, профессор болон дэд профессор цолтой буюу гадаадын их сургуульд докторын дараах судалгааны ажил амжилттай гүйцэтгэж нэгэн сэдэвт бүтээл туурвисан, сургалт, эрдэм шинжилгээ, инновацийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй салбарын тэргүүлэх судлаач;

3.4.2. Профессор (2-оос доошгүй) - албан тушаалын дэд профессороос доошгүй зэрэглэлд дээр ажиллаж буй багш, харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх болон ахлах  ажилтан;

3.4.3. Дэд   профессор     (2-оос доошгүй)- ахлах  багш, эрдэм шинжилгээний ахлах ажилтанаас доошгүй зэрэглэлд ажиллаж буй ажилтан, докторын дараах судлаач;

3.4.4. Ахисан  төвшний  суралцагсад  (5-аас  доошгүй)           - Магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй ахисан төвшний суралцагсад байна.

3.5.     Багийн ахлагчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах ба нэр дэвшигчийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ХААИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулна. 

3.6.     Багийн ахлагч дараах ур чадварын шалгуурыг хангасан байна. Үүнд:

3.6.1. Эрдэм шинжилгээний олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд 2-оос доошгүй өгүүлэл хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний өгүүлэл нь 20-иос дээш удаа ишлэл хийгдсэн байх;

3.6.2. Судалгааны нэгээс доошгүй төсөл удирдан хэрэгжүүлж, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан, гадаадын эрдэмтэдтэй хамтарсан судалгааны нэгээс доошгүй төсөл гүйцэтгэсэн туршлагатай;

3.6.3. Ахисан түвшинд мэргэжлийн хичээл заадаг, магистрант, докторант оюутны судалгааны ажлын удирдагчаар ажиллаж, тэдгээрийн судалгааны ажилд тэтгэлэг хэлбэрээр дэмжлэг үзүүлдэг;

3.6.4. Багийн гишүүдийг удирдан зохион байгуулах, багаар ажиллах, бусдыг манлайлах, гадаад, дотоод бүтээлч хамтын ажиллагааг хангаж ажиллах чадвартай;

 

Дөрөв. БАГИЙН АХЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 

 

4.1.     Багийн ахлагч дараах эрх эдэлнэ. Үүнд:

4.1.1. Судалгааны ажлын чиглэлтэй уялдуулан багийн гишүүдийг сонгон ажиллуулах, ажлаас чөлөөлөх, ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах, хариуцлага тооцох; 

4.1.2. Эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, хөгжлийн болон инновацийн ажлын төвшинг шинэ шатанд гаргах, нийгэмд үзүүлэх үр нөлөө, өгөөжийг дээшлүүлэх зэрэг асуудлаар санал боловсруулж ХААИС-ийн Захиргааны болон Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх;

4.1.3. Магистр, докторын хөтөлбөр, салбар хоорондын ахисан төвшний хөтөлбөр шинээр хэрэгжүүлэх санал боловсруулж, холбогдох хөтөлбөрийн хороогоор хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх; 

4.1.4. Багийн санхүүг хариуцан, багийн эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, хөгжлийн болон сургалтын үйл ажиллагаанд захиран зарцуулах; 

4.1.5. Төсөл, гэрээт ажлын сонгон шалгаруултад оролцох, бусад байгууллагуудтай түншлэлийн гэрээ байгуулж, хамтран ажиллах талаар шийдвэр гарган удирдлагын зүгээс дэмжлэг авах;  

4.2.     Багийн ахлагч дараах үндсэн үүргийг хүлээнэ. Үүнд:

4.2.1. Сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх, судалгааны ажлын онол, арга зүйн төвшин, ахисан төвшний сургалтын чанарыг дээшлүүлэх, судлаачдын залуу халааг бэлтгэхэд багаа удирдан чиглүүлэх; 

4.2.2. Багийн гишүүн бүртэй үр дүнгийн гэрээ байгуулж, тэдгээрийн туршилт, судалгааны ажлын онол, арга зүйн төвшин, гүйцэтгэлийн явц, үр дүнд тогтмол хяналт тавих, үнэлгээ өгөх, удирдлагын оновчтой арга, менежментээр ажиллах;

4.2.3. Судалгааны семинарыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, эрдэм шинжилгээний ажлыг онол арга зүйн өндөр төвшинд гүйцэтгэж, үр дүнг олон улсын болон дотоодод шинжлэх ухааны өндөр төвшинд хянагдаж нийтлэгддэг мэргэжлийн сэтгүүлд тогтмол хэвлүүлдэг байх;

4.2.4. Бүрэлдэхүүн сургуулийн захиралтай үр дүнгийн гэрээ байгуулж, жил бүр ажлын гүйцэтгэлээ бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дүгнүүлэх;

4.2.5. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд санаачлагатай ажиллах;

4.2.6.  Их сургуулийн вебсайт-д профессорын багийн үйл ажиллагаа, түүний явц, үр дүнгийн талаар улирал тутам мэдээлэл гаргаж байх;

 

Тав. САНХҮҮ, ЗАРДАЛ 

 

5.1.     Профессорын багийн эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээний цагийн ачааллын нормыг ХААИС-ийн профессор багшийн цагийн ачаалал, гүйцэтгэл тооцох журмаар зохицуулна.

5.2.      Бүрэлдэхүүн сургууль бүр профессорын багийн үйл ажиллагаанд зориулж өөрийн эрдэм шинжилгээний зардлын төсвөөс 10 хувьтай тэнцэх зардлыг жил бүр тусгаж байна.

5.3.     Багийн ахлагч энэхүү журмын 5.2.-т заасан төсөвт тусгагдсан санхүүжилтийн хүрээнд өөрийн үйл ажиллагаанд хамаарах асуудлыг шийдвэрлэх төсөв гарган бүрэлдэхүүн сургуулийн захирлаар батлуулж ажиллана.

5.4.     Тухайн профессорын багийн хөтөлбөрөөр ахисан төвшинд суралцагсадын сургалтын төлбөрийн 25-иас доошгүй хувийг тухайн багт шилжүүлнэ.

5.5.     Багийн ахлагч санхүүжилтийн зарцуулалтыг жил бүр үнэн зөв гаргаж холбогдох байгууллагуудад тайлагнана.

5.6.     Профессорын баг бүрэлдэхүүн сургуулийн санхүүгийн дэд дансыг ашиглана.