НОМЫН САН
ХААИС-ийн номын сан нь 1958 онд МУИС-ийн номын сангаас салбарлан 40 мянга орчим номтой, нэг номын санчтайгаар байгуулагдсан. 1969 онд III зэргийн номын сан болж өргөжин зургаан номын санчийн орон тоотой ажиллаж эхэлсэн. 1972 онд тооллогоор 84 мянган боть номтой болж, 1975 онд Соёлын яамны сайдын шийдвэрээр II зэргийн номын сан болж 9 орон тоотой болсон бол 1986 оноос I зэргийн номын сан болж 16-18 орон тоотой болж өргөжжээ.
Мэргэжлийн ном сурах бичгээс гадна уран зохиол, нийгэм улс төр, шинжлэх ухаан, танин мэдэхүйн номоор фондоо баяжуулж, тогтмол хэвлэл захиалан багш оюутнуудад үйлчилж, уншигчдийн дунд “Номын тойм яриа”, “Уншигчдийн бага хурал” зохион байгуулж, "Тэргүүний уншигч " шалгаруулж ирсэн. 1995 оноос ХААИС-ийн номын сан нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ФАО/-гийн номын сангийн салбар болсон. Ингэснээр ФАО-гийн урьд нь хэвлэн гаргасан зарим ном хэвлэлийг манайд өгөхийн зэрэгцээ цаашид тус байгууллагаас гаргах хэвлэл, чухал баримт бичгүүдийг үнэ төлбөргүй өгч байхаар болж ном сэтгүүлийг тогтмол ирүүлдэг болсон. 1998 онд ХААИС-ийн номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, номын сангийн ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий Хөдөө аж ахуйн төв номын сан болгосон. Хөдөө аж ахуйн төв номын сан нь 1998 онд 200 мянган боть номтой, 500 гаруй байнгын уншигчдад үйлчилдэг 7 ажилтантай байсан бол одоо 14 ажилтантай, 7500 гаруй байнгын уншигчдад үйлчилдэг, 3 салбар номын сантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
2002 онд Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд их, дээд сургуулийн номын сангийн менежментийг сайжруулах, сан хөмрөгийг баяжуулах ажилд идэвхтэй оролцож амжилт гаргасныг үнэлж Хөдөө аж ахуйн төв номын сан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын өргөмжлөлөөр шагнагдсан. Мөн БСШУЯ, ШУА, Монголын нээлттэй нийгэм хүрээлэнгээс
“Номын санд зориулагдсан дэлхийн шилдэг электрон мэдээллийн сан”-г ашиглах эрхийн гэрчилгээ гардан авсан. 2002 онд Хөдөө аж ахуйн төв номын сангийн байрыг шинээр ашиглалтанд оруулсан явдал сургалтын орчин, оюутны үйлчилгээг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл явдал байсан. Үүний үр дүнд номын сангийн суудлын тоо 2 дахин нэмэгдэж, 2 ээлжээр ажиллан нийтийн уншлагын тэнхим, номын төрөлжсөн фондууд, тогтмол хэвлэлийн болон лавлагаа ном зүйн танхим, эрдэм шинжилгээний уншлагын танхим, интернет болон аудио видео уншлагын танхим, номын сангийн ажлын өрөө гэсэн хэсгүүдтэй болсон. Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор LIB4U программ дээр бааз байгуулах, электрон каталог зохион байгуулах ажлыг 2001 оноос эхлэж, нийт 30500-аад төрлийн 113 мянга гаруй номын тодорхойлолтыг шивж, 113300 номыг зураасан коджуулаад байна. Номын сангийн үйлчилгээг 2005 оноос цахим аргад шилжүүлэн шинээр зураасан кодын үйлчилгээг нэвтрүүлсэн. Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн “Их, дээд сургуулийн номын сан” төсөл, TACIS-TEMPUS хөтөлбөрийн TRAMAL төслүүдэд оролцож, номын сангийн ажилтнууд англи хэлний анхан ба дунд шатны 3 сарын сургалтанд, мөн номын сангийн 9 ажилтан дотоод, гадаадын (Филиппин, Тайланд, Испани, Ирланд улсад) номын сан, мэдээллийн 1-3 сарын суралтанд хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн. Номын сангийн ажилтнуудаас 5 хүн магистрын зэрэг амжилттай хамгаалж, нэг хүн докторантурт сурч байна.
Хөдөө аж ахуйн төв номын сан нь нийт 550 суудал бүхий 8 уншлагын танхим, 5 фондоор нийт 130 мянга гаруй ширхэг ном сурах бичиг, гарын авлага, 70-аад нэр төрлийн тогтмол хэвлэл болон бусад хэвлэлийн бүтээгдэхүүнээр нийт 14 номын санч 2 ээлжээр хөнгөн шуурхай үйлчилгээ явуулдаг.
Тус номын сан нь Азийн хөгжлийн банкны “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн “Фондын баяжилт”, Соросын сангийн “Пушкин1-7”, “Номын хандив1-3”, “Электрон мэдээллийн сан”, Азийн сангийн “Азийн сангийн хандив”, Европын холбооны Темпус хөтөлбөрийн “Хүнсний аюулгүй байдал, чанарын сүлжээ”, “Хөдөө аж ахуйн эдийн засгийн боловсрол”, Канадын болон Ногоон алт зэрэг олон төслүүдэд хамрагдан ажилласан. Номын сан нь уншлагын танхим, гэрээр ном олгох, тогтмол хэвлэл, лавлагаа ном зүйн үйлчилгээ, ном солилцоо зэрэг уламжлалт үйлчилгээгээр үйлчлэхийн зэрэгцээ шинээр мэдээлэл ном зүйн үйлчилгээ, электрон каталог, интернет, хувилан ошруулах, CD, скайнардах, зураасан кодын үйлчилгээ, И-мэйлээр мэдээлэл өгөх үйлчилгээ зэрэг олон шинэ үйлчилгээ нэвтрүүлээд байна. 1997 оноос хойш номын сангийн эрхлэгчээр Ж.Төмөртогоо, ахлах номын санчаар Ж.Бямбажав, ном зүйчээр Б.Энхжаргал, ном ажиллагчаар Ж.Батцэцэг, мэдээлэл зүйчээр Д.Нямбазар, номын фондчоор Н.Оюунханд, Д.Алтансувд, архивч-номын санчаар С.Одончимэг, үйлчилгээний номын санчаар Б.Эрдэнэчимэг, Д.Мөнхцэцэг, Н.Хишигбаяр, А.Цэцэгээ, Ц.Амаржаргал, Б.Гантөмөр, Б.Баяртуяа нар амжилттай ажиллаж байна. Номын сангийн фонд нь монгол, орос, англи, герман, япон хэл дээрх шинжлэх ухааны төрөл бүрийн салбарын ном, сурах бичиг, эрдэм шинжилгээ судалгааны материал болон лавлагааны номуудтай бөгөөд монгол, орос, англи, япон хэл дээр 80 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэл захиалж, уншигчиддаа гэрээр болон уншлагын танхимаар, чөлөөт сонголт, хувилан олшруулах үйлчилгээ үзүүлж байна.
ЦАХИМ ХУУДАС: HTTPS://LIBRARY.MULS.EDU.MN