МАЛ АЖ АХУЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН

              Мал аж ахуйн эрдэм шинжилгээний  хүрээлэн 1961 онд “Хөдөө аж ахуйн хүрээлэн” нэртэйгээр дотроо Малын аж ахуй, мал эмнэлэг, ургамал, газар тариалан гэсэн гурван салбар, станц, тэдгээрт харъяалагдах 18 лаборатори, эрдэм шинжилгээний 127 жинхэнэ, туслах ажилтантайгаар байгуулагдан эрдэм судлалын ажлаа эхэлсэн байна. 

Тус хүрээлэн байгуулагдсанаас хойш манай орны хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний төрөлжсөн байгууллага, эрдэм судлалын боловсон хүчин бий болж, төлөвшин хөгжих үндэс суурь тавигдсан байна. Мал аж ахуйн хүрээлэн аж ахуй, зохион байгуулалтын талаар ихээхэн бэхжиж монгол орны мал аж ахуйг хөгжүүлэх болон бэлчээр ашиглалт, түүний даацын судалгаа, тэжээлийн хангамжийг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар төр засгаас явуулах хэтийн бодлого чиглэлийг боловсруулах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг орчин үеийн шинжлэх ухааны удирдлагаар хангахад дорвитой хувь нэмэр оруулж эрдэм шинжилгээний толгойлогч байгууллага болж өсөн бэхжсэн байна. 

              Засгийн газрын 1997 оны 31 дүгээр тогтоолоор өндөр уулын болон Говийн бүсийн хүрээлэнг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд нэгтгэн ХААИС-ийн харъяалалд оруулжээ. 
Мал аж ахуйн хүрээлэнгийн бүтцэд мал аж ахуй, бэлчээр тэжээлийн салбар, үйлдвэрлэл үйлчилгээний хэсэг, Архангай аймгийн Их тамир суман дахь Өндөр уулын бүсийн салбар, Өмнөговь аймгийн Булган суман дахь Говийн бүсийн салбар, төв аймгийн Архуст, Батсүмбэр, Дархан-Уул аймгийн Хонгор суманд эрдэм шинжилгээний төв, цэгүүд, эрдэм судлалын 6 лаборатори ажиллаж байна. 28 мянга гаруй номтой номын сантай. Хүрээлэн Англи, АНУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казакстан, Норвеги зэрэг олон орны ижил төстэй байгууллагатай холбоо тогтоон үйл ажиллагаа явуулж мэдээлэл солилцож, шинжилгээний төслийг хэрэгжүүлж байна. 

            Тус хүрээлэн 1996 онд интернетэд холбогдсоноор хүрээлэнгийн дэргэдэх эрдмийн зөвлөл нь шинжлэх ухаан технологийн төсөл, хөтөлбөр, судалгааны онол, арга зүй, ажлын явц, эцсийн үр дүн, техникийн баримт бичиг хэлэлцэж батладаг бол ХААИС-тай хамтарсан эрдмийн зөвлөлийн хурлаар судлаачдын Шинжлэх ухааны бүтээлүүдийг хэлэлцэж эрдмийн зэрэг олгодог боллоо. 
Хүрээлэн нь “Шинжлэх ухааныг 2020 он хүртэл хөгжүүлэх  Мастер төлөвлөгөө”, “Инновацийн үндэсний тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”, “Дэвшилтэт технологийг хөгжүүлэх дэд хөтөлбөр” зэргийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа бүрэн чиглүүлж шинжлэх ухааны үр дүнг туршин шалгаж баталгаажуулах, улмаар нэрийн бүтээгдэхүүн хийх, жижиг үйлдварлэлийн цех, нэгж байгуулан ажиллуулах замаар эцсийн үр дүнг зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд манай эрдэмтдийн оролцоотойгоор нарийвтар ноост “Орхон”, нарийн ноост “Хангай”, кроссбред хэвшлийн нарийвтар ноост “Ерөө” үүлдрийн хэсэг, хивсний ноосний “Байдраг” үүлдэр, “Торгууд” үүлдрийн хэсэг, нарийвтар ноост “Талын цагаан” хонины үүлдэр, ноолуурын чиглэлийн “Говь гурван сайхан” үүлдэр нарийн ноолуурын ямааны “Алтайн улаан” үүлдрийн хэсэг, ноосны ямааны “Өнжүүл” үүлдрийн хэсэг, нийтдээ хонины үүлдэр, үүлдрийн ба үржлийн хэсэг 15, омог 2, арвин ашиг шимт удам 26, үхрийн 3 үүлдэр, 1 хэвшил, тэмээний 1 үүлдэр, 3 омог, ямааны 6 үүлдэр, үржлийн хэсэг, 5 омог, адууны 1 үүлдэр, 3 омог бий болгожээ.

        Шинжилгээ судалгааны ажлын үр дүнгээр эрдэм шинжилгээний 500 гаруй тайлан бичиж хэлэлцүүлэн ном товхимол 175-ыг хэвлүүлж, арга технологи, заавар, зөвлөмж, стандарт, техникийн нөхцөл 410, ШБОС, патент 90 гаруйг боловсруулан баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсний дээр шинжлэх ухааны докторын ба боловсролын докторын зэрэгтэй 130 гаруй эрдэмтэн төрж, 25 хүн магистрын бүтээл бичиж хамгаалсны гадна эрдэм шинжилгээний онолын бага хуралд 690 гаруй илтгэл хэлэлцүүлж эрдэм шинжилгээний 2500 гаруй, сурталчилгааны 1200 гаруй өгүүлэл бичиж нийтлүүлсэн байна. Мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх шинжлэх ухаан технологийг төгөлдөржүүлж түүнтэй холбогдсон зангилаа асуудлыг иж бүрэн судлах, эрдэм шинжилгээ, сургалт-үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэхэд манай хүрээлэнгийн зорилго оршиж байна.

      Судалгаа шинжилгээний ажлын чиглэлийг нийгмийн эрэлт хэрэгцээ, хэрэглэгчдийн ашиг сонирхол, захиалгад тохируулан сонгож үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зах зээлийн эргэлтэнд оруулах чиглэлээр ажиллаж байна. Манай хүрээлэн монгол малын үржих ажиллагаа байгалийн жамаар явагддаг процессийг өөрчлөн биотехнологийн аргаар үр төл авах технологийн үндэсний хувилбарыг боловсруулаад байна. Мөн монгол ямааны сонгон үржүүлгийн удам зүй, биотехнологийн иж бүрдэл арга бий болгох чиглэлээр явуулсан судалгаа, туршлага сорилтын ажлын үр дүнд “Шилмэл ямаа сонгон үржүүлэх шинэ технологи” боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлж эхлээд байна. 

      Манай эрдэмтэн судлаачдын туршилтын ажлын үр дүнд бэлгийн нэг мөчлөгийн хугацаанд нэг донор үнээнээс 2.5 тугал, нэг донор ямаанаас 5.5 ишиг бойжуулах боломжийг тогтоосон. Тус хүрээлэн мал аж ахуй, бэлчээр тэжээлийн туршилт судалгааны ажлын онол, арга зүйн түвшинг дэлхийн тэргүүний орнуудын түвшинд ойртуулах, эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн байна.



ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294