УРГАМАЛ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН
Маршал Х.Чойбалсангийн шийдвэрээр 1948 оны 2 дугаар сарын 7-нд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутаг болох Бургалтайд хөдөө аж ахуйн нэгдсэн туршлага станц байгуулагдсанаар Монголын газар тариалангийн шинжлэх ухааны байгууллагын эх суурь нь тавигдсан.Тус станцыг 1952 онд Хангайн бүсийн газар тариалангийн туршлага станц болгон чиглэл зорилтыг тодорхой болгож, 1958 онд Зүүнхараа хотноо шилжүүлж 1963 он хүртэл төрөл бүрийн таримал сортыг сорьж шалгаруулах, тэдгээрийг тариалах агротехникийн зарим асуудлыг судлах чиглэлээр ажилласан юм. Станцын анхны туршлагууд тавигдаж үндэсний эрдэмтэн судлаачид Д.Санжаа, Х.Зундуйжанцан, М.Өлзий, Д.Шархүү нарын судалгааны эхний дүнгүүд Монголын газар тариалангийн шинжлэх ухааны үндэс суурь боллоо.
1963 онд уг станцыг Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн (УГТЭШХ) болгон өргөжүүлж тус оронд тариалан эрхлэх шинжлэх ухааны үндэстэй систем боловсруулах, байгаль, цаг уурын өвөрмөц онцлогт тохирсон хөдөө аж ахуйн таримлын арвин ургацтай сорт сонгож шалгаруулах, шинээр буй болгох, хөрсний үржил шимийг дээшлүүлэх арга барилыг боловсруулах үндсэн үүргүүдийг хариуцуулсан юм. Тус хүрээлэнг 1978 онд Дархан хотноо шилжүүлсэн нь тэр үеийн захирал А.Хүчитийн алсын хараатай бодлого, нөр их хөдөлмөрийн үр дүн болсон зоримог шийдэл байлаа. Тус хүрээлэн өнгөрсөн түүхийнхээ туршид эрдэм судлалын олон арван бүтээл, олон нэрт эрдэмтдийг бэлтгэж, Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ургамал хамгаалах байгууллагууд салбарлан биеэ дааж байгуулагдсаны дээр мэргэжил чадварын хувьд нямбай бэлтгэгдсэн төр, засгийн өндөр албан тушаалтнуудыг бэлтгэж дэвшүүлэх эх булаг болсоор ирлээ. Тус хүрээлэн 1993 оноос ХААИС-ийн бүрэлдэхүүнд орж эрдэм шинжилгээ, сургалт үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн таримлын генбанк, байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай лицей сургууль гэсэн 5 үндсэн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. УГТЭШХ-д эрдэм судалгааны ажил явуулах зорилго бүхий селекци үрийн аж ахуй, газар тариалан, хүнсний ногоо, төмсний аж ахуй, биотехнологи, хөрс-агрохими, хөрсний микробиологи зэрэг 3 лаборатори ажиллаж байна. Эрдэм судалгааны үр дүнд 1963 онд зусах зөөлөн буудайн анхны Орхон сортыг бүтээж, түүний зохиогчид манай ууган селекцчид Х.Зундуйжанцан, М.Өлзий нар төрийн шагнал хүртсэн байна.
1964-1973 онд таримал ургамал сонгон шалгаруулах ажил өргөжиж, хөрс элдэншүүлэлт, агротехнологийн олон хувилбартай харьцуулсан туршлагууд тавигдаж Монгол орныг хөрс, уур амьсгалын онцлогоор тариалангийн бүсүүдэд хувааж, тэдгээрт тохирсон газар тариалангийн системийг боловсруулж, 1969 онд хуралдсан агрономчдын анхдугаар зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж батлуулсан нь энэ үеийн гол үр дүн болсон юм. Энэ хугацаанд манай анхны эрдэмтэд, арга зүйчид төрж хүрээлэнгийн оюуны чадавхи дээшлэн эрдмийн хамт олон бүрдэж чадсан юм.
1974-1983 онд Тариалангийн бүсүүдэд хөдөө аж ахуйн таримал, түүний сортуудыг сонгон шалгаруулах судалгааг үргэлжлүүлж, тариалангийн системийг бүсүүдэд тууштай нэвтрүүлэх явцад түүний бүрдэл, хэсгүүдийг боловсронгуй болгох, нарийвчлан тодотгох, хөрс-агрохими, биохими-технологийн судалгаанууд өргөжиж, үр тариа, төмс, хүнсний ногооны нутагшсан сортуудын элит болон сортын үр гаргах шинжлэх ухааны үндсийг боловсруулж, хөрс хамгаалах системийн үндсэн элементүүдийг судалж эхэлсэн байна. Энэ хугацаанд нарийн мэргэшсэн судлаач эрдэмтдийн хүрээ өргөжиж оюуны чадавхи дээшилж, хөрс-агрохими, био-хими технологи, ургамал хамгааллын лабораториуд байгуулагдаж гадаад орны нарийн хэмжилтийн багаж техникээр тоноглогдож, нарийн мэргэшсэн судлаач, задлан шинжлэгчид бэлтгэгдсэн юм. Тариалангийн хөрсний элэгдэл эвдрэлээс хамгаалах, үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний шинэ сорт гаргах, тэдгээрийн элит болон сортын үр үржүүлэх, төмсний биотехнологи, ургамлын генийн сан зэрэг олон мэргэжлийн хувьд өсч, судалгааны өөрийн гэсэн жаяг, аргачлалыг тогтоож эхэлсэн юм. Энэ үеийн судалгааны гол үр дүнгүүд нь газар тариалангийн төв бүсэд тариалан эрхлэх систем, Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Хөвсгөл, Архангай зэрэг аймгуудын газар тариалангийн системийг боловсруулах тулгуур материал болсон юм. Энэ үеэс УГТЭШХ тариалангийн эрдэм шинжилгээний бусад хүрээлэн, станцуудыг арга зүйн удирдлагаар хангах үүрэг бүхий улсын толгойлох хүрээлэн боллоо. Эдгээр жилүүдэд хөрсийг цомхотгосон ба химийн аргаар элдэншүүлэх, тариаланг экологижуулах, усалгаатай тариаланг өргөжүүлэх, селекцийн судалгааны шинэ чиглэлүүд гараагаа эхэлсэн юм. Энэ хугацаанд манай хүрээлэнд үндэсний гэж хэлж болох 60 гаруй мянган таримлын 20 гаруй мянган сорьц дээж бүхий таримал ургамлын генийн сан байгуулагдав.
Сүүлийн жилүүдэд олсон томоохон ололтын нэг бол 1993 онд ХААИС-ийн бүрэлдэхүүнд орж эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр зохион байгуулагдсан явдал юм. Анх байгуулагдах үедээ манай сургалтын хэсэгт 4 мэргэжлээр 300 орчим оюутан суралцаж байсан бол одоо 10 гаруй мэргэжлээр 1200 орчим оюутан суралцаж, магадлан итгэмжлэгдсэн сургууль болтлоо өсч дэвшлээ. Хүрээлэнд хийгдсэн эрдмийн ажлын үр дүнгээр Б.Дорж, Б.Цэдэв, С.Ганбаатар, Ж.Мижиддорж, Д.Цэрмаа нар хөдөө аж ахуйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсны дээр, хөдөө аж ахуйн ухааны боловсролын доктор 61 төрж, 10 гаруй докторант суралцаж төгссөн байна. Эдгээрээс манай ууган дэд эрдэмтэн нь Ж.Лхавга, шинжлэх ухааны доктор нь Б.Дорж, анхны профессор Д.Волоож болно. Энэ 40 жилд Х.Зундуйжанцан, М.Өлзий, Э.Шагдар, Л.Лааган, Г.Бат-Очир нар төрийн шагнал хүртэж Д.Волоож, С.Дэчинпил нар Монгол улсын гавьяат агрономч цол хүртсэн зэрэг нь манай хүрээлэнгийн ажлын цар хүрээг харуулж байгаа тодорхой үзүүлэлт болно. Буудайн Орхон, төмсний Завхан-35, Шийр-6, сармисны Ховд, Улиастай, урт сонгинын Алтай, улаан луувангийн Алтанбулаг зэрэг эх орны олон сорт таримлыг гаргаж үр суулгацыг нь үйлдвэрлэж эхэлсэн нь сорт ургамлын шинэчлэлийн эхлэл болсон юм. 1970-аад оны үеэс хөрсний элэгдлийн хөнөөл огцом илэрч үр тарианы ургац буурч эхэлмэгц хөрс хамгаалах талаар өргөн хүрээтэй судалгаа явуулж эхэлсэн юм. Хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалж үржил шимийн нөхөн сэргээлтийг хангах, агротехнологийн асуудлыг нарийвчлан тогтоох зорилгоор 1980 онд манай туршлагатай арга зүйч А.Хүчит, Г.Даваадорж нарын удирдлагаар “Хөрс хамгаалах” хөтөлбөр боловсруулж тариалангийн эрдэмтэд, судлаачид, мэргэжилтнүүд оролцож нэгдсэн арга зүйгээр Дархан, Улаангом, Халх гол, Тариалан зэрэг газруудад олон хүчин зүйлт суурин туршилт тавьсан юм. 1986 онд эрдэмтдийн боловсруулсан Тариалангийн хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах зөвлөмжийг сая шахам га талбайд мөрдөж элэгдлийн хөнөөлийг үндсэнд нь зогсоож чадсан юм. Дээрх технологийн дагуу боловсруулсан үр тариа ургуулах эрчимжсэн 10 гаруй технологи, зөвлөмж гарч зөвхөн эрчимжсэн технологи 1990 онд 60 гаруй мянган га-д мөрдөгдөж, 1990-ээд онд улсын дундаж ургац 12-14 ц/га-д хүрч тогтмолжсон нь манай уур амьсгалын нөхцлийн хувьд тэмдэглүүштэй амжилт, технологийн хоёр дахь шинэчлэл байлаа.
Энэ 40 жилд 10 гаруй, хүнсний ногооны 30 шахам, жимс жимсгэний 10 гаруй, зөөлөн буудайн 9, арвайн 7, хошуу будааны 2, бог будааны 4 сортыг тус тус шалгаруулж нутагшуулсан ба шинээр гаргаад байна. Энэ хугацаанд зусах буудайн Халх гол, Дархан 34, Арвайн Алаг-Эрдэнэ, үхэр нүдний Шаамар, Дархан, төмсний Атар, Хонгор, байцааны Хургалаг, Ширхэнцэг-13, урт сонгины Алтай, жууцайны Хараа, дун ногооны Сувд, чацарганы Тэс, Чандмань, Улаангом зэрэг олон шинэ сорт таримлууд гарч үйлдвэрлэлд нэвтэрсэн нь таримлын шинэчлэлийн 2 дахь үе юм. Ч.Дамба, Н.Алтансүх, Х.Зундуйжанцан, Н.Нямжав, Ж.Сэрчмаа нарын боловсруулсан үр тарианы шинэ сорт гаргах селекцийн ажлын зорилготой программ, 1984-1986 онд доктор А.Хүчитийн удирдлагаар өвөлжих буудайг зусах буудайн селекцид ашиглах цогцолбор программ зэрэг нь селекци-генетикийн судалгаанд дэвшил гарах, мэргэжсэн залуу селекцчид бүрэлдэх үндсэн нөхцөл болсон юм. Үйлдвэрлэлд үр ашгаа өгөх, шинэ технологи, шинэ гарцыг эрж хайх, уур амьсгалын энэ өөрчлөлтөд дасан зохицох чадвартай шинэ таримал, сортыг сонгон шалгаруулах, шинээр гаргах үр, суулгацийг нь үржүүлэх, олшруулах ажил юу юунаас чухал болж байна. Эх газрын хүйтэн уур амьсгалтай манай орны хувьд дулааралтын нааштай боломжийг ашиглаж таримлын төрлийг олшруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ зорилгоор таримлын селекци-үрийн аж ахуй, ургамлын биотехнологи зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх, түүнд дотоодын болон гадаадын хамтран ажиллагсдыг оролцуулах, тэдний оюуны болон техник технологийн дэмжлэгийг авах шаардлагтай байна.
Хөрс бол юугаар ч орлуулж, шинээр хийж тэлж өргөжүүлж болдоггүй шим мандалын ихээхэн эмзэг хэсэг учир түүний суурь нөөцийг хамгаалах,сэргээх судалгааны ажлыг өргөжүүлэхийн зэрэгцээ төсөл хэрэгжүүлэх хэлбэрээр гүйцэтгэх одоогийн үйлдвэрлэж байгаа ризобактер болон бусад төрлийн бордооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мөн ОУЦЕ-ийн агентлагийн дэмжлэгээр хөрс-агрохимийн лабораторийн зарим тоног төхөөрөмжийг шинэчлэх арга хэмжээ авсан байна. Уур амьсгал гандуу хуурай үржил шим ядмаг дорой байх тутам тариалан эрхлэх технологи төдий чинээ экологийн чиг баримжаатай, нутгийн даац унаган чадавхид тохирсон уур амьсгалын өөрчлөлтөнд зохицсон, экологийн мэдрэмж сайтай байх шаардлагатай. Иймээс тариалангийн технологийг экологижуулах, биологижуулах судалгааг хөрс хамгаалах ажлын үндсэн чиглэл болгоно.
Зах зээлийн нөхцөлд сайн мэргэжилтэн, мэргэшсэн ажилтангүйгээр урагшаа давших боломжгүй юм. Иймээс манай залуу халаа, судлаачдын цөм болж байгаа ажилтнуудын арга зүй, судлалын мэдлэгийг дэвшүүлэх, оюунжуулах, эрдэмжүүлэх судалгааны ажилд зоримог цоо шинэ замнал чиглэл нээх чадавхийг дээшлүүлэх зорилгоор гадаад, дотоодын сургалтыг өргөжүүлэхийн зэрэгцээ “Эрдэм судлалын ажилтан”, “Багш” зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлсэн байна.