УРГАМАЛ ХАМГААЛЛЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН


             Ургамал хамгааллын шинжлэх ухаан нь биологийн шинжлэх ухаанаас улбаалан салбарласан бөгөөд бэлчээр, хөдөө аж ахуйн таримал ургамлын ургацад гэмтэл учруулдаг төрөл бүрийн хөнөөлт организмыг судлан тэдгээртэй тэмцэх хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй ургамал хамгаалах дэвшилтэт арга ажиллагааг судлан шинжилж, оновчтой шийдлийг гарган хэрэгжүүлэх арга замыг тодорхойлдог салбар шинжлэх ухаан юм. Ардын засгийн жилүүдэд ургамал хамгааллын талаар төр, засгаас авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа ажлыг 3 үе шат болгон хуваан үзэж болно.

       Нэгдүгээр үе: 1926-1960 он: Төр, засгаас бэлчээрийн ургамлын ургацыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хамгаалах талаар ихээхэн анхаарал тавьж байсны ачаар БНМАУ-ын засгийн газрын урилгаар 1926, 1928, 1929 онуудад Зөвлөлтийн ургамал хамгаалах мэргэжилтэн А.В.Витовтов, К.А.Казанский нарын удирдсан ургамал хамгааллын анхны экспедици ажиллаж манай улсын хойд хилийн дагуу болон Дорнод, Хэнтий аймгийн нутагт тархсан бэлчээрийн хорлогч царцаа, хулгана дүрсийн мэрэгчдийн судалгаа хийж, тэдгээртэй тэмцэх химийн аргын туршилт хийснээр ургамал хамгаалах судалгааны ажлын эхлэл тавигдсан гэж үзэж болно. 1953 оноос ЗХУ-ын (хуучин нэрээр) Москва, Ленинград, Киев хотын Академи, дээд сургуулиудад үндэснийхээ мэргэжилтэн бэлтгэн эхэлснээс хойш эдүгээ энэ чиглэлээр олон арван мэргэжилтэн бэлтгэжээ. 

         Хоёрдугаар үе: 1960-1980 он: Манай үндэсний мэргэжилтнүүд ЗХУ-ын (хуучин нэрээр) болон Ардчилсан бусад орнуудын мэргэжилтнүүдтэй хамтран Хөдөө аж ахуйн таримал ургамлын хорлогч шавьж, өвчний зүйлийн бүрэлдэхүүнийг илрүүлэн тогтоох тэдгээрийн аж ахуйн ач холбогдолд дүгнэлт хийж тэмцэх арга ажиллагааг гаргажээ. 1958 оноос Хөдөө аж ахуйн яамны дэргэд Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын байцаан шалгах ангийг хортонтой тэмцэх хэсэгтэйгээр байгуулсан нь Ургамал хамгаалал, хорио цээрийн ажлыг эрхэлдэг үйлдвэрлэлийн байгууллагатай болсон хэрэг юм. Л.Чогсомжав, Б.Г.Шуровенков /1962/ нарын удирдсан хайгуулаар бэлчээр, таримал ургамлын шавьж, өвчний талаар материал бүрдүүлж улмаар ХААДС-ийн агрономын ангид үзэх ургамал хамгааллын анхны сурах бичгийг “Хөдөө аж ахуйн энтомологи ба фитопатологи” нэртэйгээр гаргажээ. А.Д.Оращенко, М.А.Урманчиев /1960/, Т.Пунцаг, Б.Бямбаа /1962/ нар хөдөө аж ахуйн таримал ургамлын хортон, өвчний талаар товхимол гарган хэвлүүлжээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 317-р тогтоолоор Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын албыг байнгын 5 отрядтайгаар байгуулснаар сангийн аж ахуй, нэгдлийн зардлаар, онц хөнөөлт өвчин, шавьж, мэрэгчидтэй тэмцэх ажлыг ургамал хамгааллын арга хэмжээний төсөвт зардлаар гүйцэтгэж байлаа. Манай орны хуурай хээр, хээр, ойт хээрийн бүсийн бэлчээрт үлийн цагаан оготны хөнөөл ихэссэн, мал аж ахуйн үйлдвэрлэлд ихээхэн хохирол учирч байгаагаас үндэслэн БНМАУ-ын Сн3-ийн 1966 оны 293 дугаар тогтоолоор бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, царцаа, тариалангийн талбайн хог ургамалтай тэмцэхэд зориулж 100 мянган төгрөгний фонд байгуулж, мэрэгчидтэй тэмцэх ажлыг жил бүрийн 4, 10 дугаар сард явуулж байх үүргийг ургамал хамгаалал, хорио цээрийн албанд даалгаж байв. 1969 онд БНМАУ-ын Сн3-ийн 96-р тогтоолоор УХХЦУ-ын албаны харъяанд ургамал хамгааллын Үйлдвэрлэлийн  Станцыг байнгын ажиллагаатай 5 отрядтайгаар, мөн онд ИАТУГ-ын харъяанд ой, хөдөө аж ахуйн эскадрилийг байгуулж бэлчээр, ой, таримал ургамлын хөнөөлт шавьж, мэрэгчид, хог ургамалтай тэмцэх ажлыг өргөн хүрээтэйгээр гүйцэтгэж байлаа. Мөн онд ИАТУГазрын харъяа ургамал хамгааллын арга хэмжээнд үйлчлэх ой, хөдөө аж ахуйн эскадрилийг тусгай тоноглол бүхий зориулалтын 15 онгоцтойгоор байгуулж бэлчээрийн хортон, хог ургамалтай тэмцэх үйлдвэрлэлийн ажлыг 1990 он хүртэл хийсэн юм. БНМАУ-ын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор 1963 онд Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнд “Ургамал хамгаалах сектор”, 1969 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд “Бэлчээр хадланг өвчин, хортноос хамгаалах тасаг” байгуулагдан ажиллаж байлаа. УГТЭШХ-гийн “Ургамал хамгаалах сектор”-т Ш.Батмөнх, Ж.Лхагва, Г.Хашбат, С.Мядагмаа, Д.Цэдэв, Б.Бямбажав зэрэг судлаачид үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний хөнөөлт өвчин, хорлогч шавьж, хог ургамлын зүйлийн бүрэлдэхүүн, гаралт, тархалт болон тэдгээртэй тэмцэх ургамал хамгаалах нэгдмэл аргыг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж байжээ. 1972 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд “Ургамал хамгаалах тасаг” байгуулагдан уг тасагт Ш.Батмөнх, С.Мядагмаа, И.Майдаржав, Ч.Чулуунжав, Д.Өлзий-Адъяа, Д.Будханд, М.Даш, Д.Дашцэрэн зэрэг ажилтнууд ажиллаж бэлчээрийн зонхилох хөнөөлт царцаа болон тэжээлийн таримал ургамлын өвчин, хорлогч шавьжийн зүйлийн бүрэлдэхүүн, гаралт, тархалтыг судлаж тэмцэх арга ажиллагааг боловсруулж байв. Мөн бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх хими, микробиологийн аргын судалгааны эхлэл тавигдсан байна. 

       Гуравдугаар үе: 1980 оноос хойших үе. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс 1983 онд 199-р тогтоол гаргаж “Ургамал хамгаалал, хорио цээрийн улсын алба”-ыг “Химижүүлэлтийн улсын алба” болгон өргөтгөн зохион байгуулж уг албанд “Агрохимийн хэлтэс”, “Ургамал хамгааллын хэлтэс”, “Хорио цээрийн лаборатори”, “Ургамал хамгаалал, үйлдвэрийн станц” харъяалагдан ажиллаж байв. Ингэж ургамал хамгааллын чиглэлийн шинжлэх ухааны судалгаа, үйлдвэрлэлийн ажил өргөн далайцтай хийгдэж байв. 1987 онд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 9-р тогтоолын дагуу бэлчээр, таримал ургамлын өвчин, хорлогч шавьж, мэрэгчид, хог ургамалтай тэмцэх, тэдгээрийг хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, ургамал хамгааллын салбарын эрдэм шинжилгээний ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор 1988 онд “Ургамал хамгааллын үйлдвэрлэлийн станц”-ыг “Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станц” болгон өргөтгөсөн юм. 1992 онд уг станц Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн (УХЭШХ) болж өргөжин ургамал хамгааллын салбарын ажлыг цогцолбор байдлаар шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд эрчимтэй нэвтрүүлэх шинэ үе эхэлсэн байна. Мөн биотехнологийн шинжлэх ухааны олотыг өөрийн орны ургамал хамгаалалд нэвтрүүлэх зорилгоор судалгаа, шинжилгээний төслийг захиалан гүйцэтгэх боллоо. Үүний дүнд вирусгүй сортын төмсний үрийг меристемээр ургуулах технологи, бэлчээрийн хөнөөлт мэрэгчид, ойн хортон шавьжтай бактери хэрэглэн микробиологийн аргаар тэмцэх хүлэмжийн таримал ургамлын хортон шавьжтай биологийн аргаар тэмцэхэд энкарзийг үржүүлэн хэрэглэх технологи Монгол оронд тархсан буглаа цохоос кантаридин ялган авч хөнөөлт мэрэгчидтэй тэмцэх арга, ажиллагаанд хэрэглэх зэрэг онол, практикийн өгөөжтэй олон төрлийн судалгаа, шинжилгээний ажлыг эхлэн гүйцэтгэсэн байна. Өнөөдөр тус хүрээлэн Биотехнологи-эдийн өсгөвөр, Микробиологи-бэлчээр хамгаалах менежмент, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний чанарын үнэлгээ, пестицидийн зэрэг лаборатори болон “Хог ургамал судлал”, “Шавьж судлал”, “Вирусгүй төмсний үр үржүүлэг”, хүлэмжийн хангамж үйлчилгээ гэсэн 8 нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Жилд дунджаар ном товхимол-10, эрдэм шинжилгээний өгүүлэл-50, сурталчилгааны өгүүлэл-10-ыг гаргаж, илтгэл-37, стандарт-5, заавар-10-ыг боловсруулан гаргажээ. Тус хүрээлэн гадаадын шинжлэх ухааны 10 гаруй байгууллагуудтай, дотооддоо тухайлбал ургамал хамгаалал, биотехнологийн чиглэлээр ХААИС, МУИС, Монгол фермер дээд сургуулиудад хичээл заан сургалт явуулж байна. Ургамал хамгаалах биологийн чиглэлээр жилд 100-125 тонн биобэлдмэл бэлтгэн мэрэгчидтэй тэмцэхэд хэрэглэн, вирусгүй төмсний үр 10-15 тонн үйлдвэрлэн гаргаж байна. Нөгөө талаар тус хүрээлэн нь ШУА, ХААИС-ийн хүрээлэнгүүд, их дээд сургуулиудтай хамтран ажиллахын зэрэгцээ Канад, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг гадаадын орнуудтай хамтарсан судалгаа, шинжилгээний ажил явуулсан байна.


ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294