ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ


           

Монгол улсын эдийн засгийн 90 орчим хувийг 1940-өөд оныг хүртэл зөвхөн Хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлж ирсэн түүхтэй. Өдгөө уул уурхай, үйлдвэржилт, үйлчилгээний салбарын бүтээмж өсөн нэмэгдэж байгаа ч Монгол улсын өнгөрсөн-одоо-ирээдүйн хэлхээст ХАА-н салбарын хөгжил, энэ салбарын байр суурь томоохон ач холбогдолтой хэвээр байна.  

Мөн Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын нөөц боломжийг дэлхийн хөгжингүй орнууд тэрдундаа Хятад, Япон, Солонгос улс сонирхож, хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх замаар хамтран ажиллах сонирхол нэмэгдсээр байна. Учир нь хүн төрөлхтний хүнсний нөөц, тэгш хүртээмжийн асуудал улс орон бүрийн аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа байсаар ирсэн бөгөөд өдгөө ч ач холбогдол нь улам бүр өсөн нэмэгдэж, улс орнууд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэлэлцэх болжээ. Дэлхийн хөгжилтэй орнууд Монгол орны хүнсний арвин их нөөц, боломж, баялагт хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхол нэмэгдэж буй энэ цаг үед бид ч бас хамтдаа хөгжүүлэх, шинэ техник, технологийг богино хугацаанд нэвтрүүлэх, суралцах хэрэгцээ шаардлага бий билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй ‘’Хүнсний хангамж, аюулгүй байдал’’, “Тэрбум мод”  үндэсний хөдөлгөөн ч ХАА-н салбарын үнэ цэнэ, ХААИС-ийн үүрэг, хариуцлагыг улам бүр нэмэгдүүлж байна.

Тиймээс хөгжлийн эрчим төвлөрч буй ХАА-н салбарыг сонгон суралцахаар ирсэн шинэ элсэгч, оюутан суралцагч нартаа сурлагын өндөр амжилтыг ерөөе. Хичээн суралцаж, өөрийнхөө болон эх орныхоо хөгжлийг түүчээлэгч болоорой хэмээн хүсье.

ХААИС-ийнхаа нийт оюутан суралцагч нартаа Дэлхийн хөгжингүй орнууд сонирхон, хөрөнгө оруулж буй энэ салбараас боломжийг атгаж, ажил хайгч биш ажил олгогч, бизнесмен болж, эх орныхоо хөгжил, бүтээн байгуулалтын манлайлагчид болохын төлөө бүхий л боломжоо дайчлан суралцаарай гэж захья.

ХААИС-ийнхаа нийт сурган хүмүүжүүлэгч багш нартаа, залуу хойч үедээ эрдэм мэдлэг, туршлага өвлүүлэхийн зэрэгцээ өөрийн биеэр үлгэрлэн манлайлж ажиллахыг хүсье.

ХААИС-ийн үе үеийн төгсөгчид, хамтран ажиллагч хувь хүн, байгууллага, үндэсний томоохон үйлдвэрлэгчид, төр-хувийн хэвшлийн түншлэгчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, дотоодын болон олон улс хамтын ажиллагаатай их, дээд сургуулиуд, дэлхийн өнцөг булан бүрд ХААИС-иар овоглон суралцаж буй ТА БҮХЭНДЭЭ хамгийн сайхан бүхнийг ерөөе.

Монгол улсын эдийн засгийн гол тулгуур, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сахин хамгаалагчид нь 66 жилийн түүхтэй энэ сургуулийн эрдмийн хамт олон БИД билээ. Тиймээс бидний өмнө их үүрэг, хариуцлага бас их боломж, гэрэлт ирээдүй бий гэдэгт итгэдэг.

Бид нэг зорилгын доор нэгдэж чадвал маш их боломж, хүч бий.Тиймээс бэрхшээл бүрийг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж, боломжоос баялаг бүтээцгээе хэмээн уриалъя.

Та бүхэндээ гэгээн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 


ХААИС-ИЙН РЕКТОР, ДОКТОР, ПРОФЕССОР Б.БААСАНСҮХ









ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4087
    • Хос хөтөлбөрийн оюутан: 50
    • Бакалаврын гадаад оюутан: 96
    • Магистрант: 268
    • Докторант: 430
    • Ахисан түвшний гадаад суралцагч: 213

  • 2
    Багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 354
    • Гадаад багш: 4
    • Гэрээт багш:
    • Зочин профессор: 0
    • Ажилтнууд:294

  • 3
    Багшлах бүрэлдэхүүний бүтэц
    • Докторын зэрэгтэй багш: 196
    • Магистрын зэрэгтэй багш: 158
    • Профессор багш: 15
    • Дэд профессор багш: 84
    • Ахлах багш: 117
    • Багш: 79
    • Дадлагажигч багш: 40
    • Зөвлөх профессор: 19