ХААИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ, АЖИЛТАН НАР АЛБАН ХЭРГЭЭР ГАДААДАД ЗОРЧИХ ЖУРАМ


НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. ХААИС-ийн зардлаар гадаад оронд албан томилолтоор явах Захиргааны ажилтан, бүрэлдэхүүн сургууль болон харьяа хүрээлэн мөн бусад нэгжид үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа багш, судлаач, ажилтан нар урт болон богино хугацаагаар гадаадад албан хэргээр зорчих үед үүсэх аливаа харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Гадаадад албан хэргээр зорчих үйл ажиллагаа гэдэгт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах, туршлага, судлах, танилцах аялал хийх, урт болон богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамрагдах, магистрантур, докторантурт суралцах, олон улсын хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт, уралдаан тэмцээнд оролцох зэрэг арга хэмжээг хамруулан ойлгоно. Гадаад томилолтыг агуулгаар 3 ангилна. Үүнд:

  • Сургалт судалгааны үйл ажиллагааны томилолт: Судалгааны ажлыг гадаад орны лаборатори, бусад материаллаг нөөцийг түшиглэн гүйцэтгэх, судалгааны үр дүнг олон улсын хуралд илтгэх, хичээлийн шинэ хөтөлбөр боловсруулах, хамтарсан сургалт зохион байгуулах, туршлага судлах, танилцах аялал гэх мэт
  • Захиргааны албан томилолт: ХААИС-ийн Захиргааны ажилтан, бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэднийг орлох албан тушаалтан гадаадын их дээд сургууль, ОУ-ын байгууллагатай гэрээ хэлэлцээр байгуулах, албан томилолтоор ажиллах
  • Гадаад оронд суралцах томилолт:  Хоёр улсын засгийн газар, ХААИС-ийн их дээд сургууль байгууллагатай байгуулсан гэрээ, бусад санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэг, хувийн зардлаар гадаадад урт болон богино хугацаагаар суралцах гэж ангилна.

1.3. Гадаадад албан хэргээр зорчих ажлыг хугацаанаас хамааруулан богино хугацааны болон урт хугацааны гэж ангилан тооцно. Үүнд: 3 сар хүртлэх хугацааг богино хугацаанд, 3 сараас дээшхи хугацааг урт хугацаанд хамруулан ойлгоно.

ХОЁР. БАГШ, СУДЛААЧ, АЖИЛТАН ГАДААДАД ЗОРЧИХ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ

2.1. Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, гадаадын байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл, урилгын дагуу ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар гадаадад зорчих асуудлыг удирдан зохион байгуулах, хянах, үнэлэх асуудлыг ХААИС-ийн Гадаад хамтын ажиллагааны хэлтэс (ГХАХ) хариуцна.

2.2. Гадаадад томилолтоор ажиллуулах тухай тушаал гаргахад шаардлагатай материалыг тухайн багш, судлаач, ажилтан нар бүрдүүлж, тухайн нэгж байгууллага (бүрэлдэхүүн сургууль болон харьяа хүрээлэн)-ийн удирдлага зөвшөөрч баталсан гадаадад албан хэргээр ажиллах удирдамж, зардлын тооцоог боловсруулж, явах өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Гадаад хамтын ажиллагааны хэлтэс болон Санхүүгийн алба (ЭЗХА)-нд тус тус танилцуулж, хянуулна.

2.3. Гадаадад ажиллах тухайгаа ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар ГХАХ-аар дамжуулан ХААИС-ийн дэд захирал (ЭЗХА эрхэлсэн) болон захиралд өөрийн биеэр танилцуулна.

2.4. ЭЗХА эрхэлсэн дэд захирал болон Захирал зөвшөөрсөн тохиолдолд Гадаадад томилон ажиллуулах тухай Захирлын тушаалыг боловсруулж, баталгаажууулах ажлыг ГХАХ зохион байгуулна.

ГУРАВ. ХААИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ, АЖИЛТНЫ ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДЛЫГ ТООЦОХ, САНХҮҮЖҮҮЛЭХ

3.1.  ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар гадаадад албан томилолтоор зорчих зардлаа Монгол улсын сангийн сайдын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 188 тоот тушаалын дагуу гадаад албан томилолтын норматив хэмжээг үндэслэн тооцно.

3.2. Дараах үндэслэлийг харгалзан гадаад томилолтыг санхүүжүүлж болно. Үүнд:

 Хүлээн авагч тал хамтран ажиллах ажилтны нэр зааж урьсан, ажлын байрны нөхцөлөөр хангасан Судалгааны ажил, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлын зарим хэсгийг зайлшгүй тухайн улсад очиж гүйцэтгэх шаардлагатай Гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх

3.3. Гадаад албан томилолтын үр дүнд гарах үр ашиг, сургуулийн санхүүгийн чадавхи, хүлээн авах газрын санал зэргийг харгалзан томилолтын зардлыг санхүүжүүлэх хэлбэрийг Санхүүгийн үйл ажиллагааны журамд зааснаар доорхи байдлаар тооцно. Үүнд:

  • ХААИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль зардлыг бүрэн хариуцах
  • ХААИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургууль ба хүлээн авагч тал зардлыг хувааж хариуцах
  • ХААИС-ийн захиргаа бүрэлдэхүүн сургууль ба хувь хүн зардлыг хувааж хариуцах
  • Хүлээн авагч тал зардлыг бүрэн хариуцах
  • Хувь хүн зардлаа бүрэн хариуцах

3.4. Гадаад томилолтын зардлын төрөлд дараах зүйл багтана. Үүнд:

  • Олон улсын тийзний зардал
  • Визны хураамж
  • Зочид буудлын зардал
  • Зам хоног буюу хоолны зардал

3.5. Олон улсын нислэгийн тийзийг хамгийн хямд хувилбараар болон ОХУ-ын Новосибирск, Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Эрээн зэрэг хотуудад галт тэрэг болон бусад тээврийн хэрэгслэлээр явах бололцоог харгалзан үзэж унааны зардлыг төлөвлөнө.

3.6. Тухайн жилд батлагдсан гадаад арга хэмжээний зардлын дагуу төлөвлөнө.

ДӨРӨВ. ГАДААДАД ЗОРЧИХОД ТАЛУУДЫН ХҮЛЭЭХ ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА

4.1. Гадаад томилолтын зардлыг аль талаас хариуцахаас үл хамааран гадаадад албан томилолтоор зорчих ХААИС-ийн багш, судлаач, ажилтан энэхүү журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлнэ.

4.2. ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар богино хугацаагаар гадаадад зорчих тохиолдолд энэхүү журмын дагуу зохицуулагдана.

4.3. Урт хугацаагаар зорчих буюу мэргэжил дээшлүүлэх, магистрантур, докторантурт суралцах бол ажлаас түр чөлөөлж, албан тушаал, ажлын байрыг хадгалах үүргийг ХААИС хүлээж, тухайн эдгээдтэй ХААИС бүрэлдэхүүн сургуулийн хамтарсан 3-н талт гэрээг байгуулж, гэрээний хувийг ГХАХ, Санхүүгийн алба, Хүний нөөцөд тус тус хадгалуулна.

4.4. Томилолтоор ажиллахдаа тухайн улс орны соёл, ёс заншилыг хүндэтгэн үзэж, хууль журмыг нь чандлан сахих, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргахгүй байх

4.5. Тогтсон хугацаанд буцаж ирэх, хэрэв албан томилолтыг сунгах бол урьдчилан ГХАХ-т бичгээр нэг сарын өмнө мэдэгдэнэ.

4.6. Гадаад албан томилолтоор явж буй тохиолдолд учирч болзошгүй эрүүл мэндийн асуудлыг тухайн хүн өөрөө хариуцна. Сургууль нь эрүүл мэнд, амь даатгал, эд хөрөнгийн даатгал, гадаад орон дахь эмчилгээ, шинээр паспорт авах, хугацааг сунгах зардлын асуудлыг хариуцахгүй болно.

4.7. Гадаадад зорчих хугацаандаа тухайн орны хууль, журам, сахилгын болон ёсзүйн зөрчил гаргасан, эсвэл энэхүү журмын зохих заалтыг зөрчсөн, гадаадад зорчин ажилласан ажлын үр дүн хангалтгүй  тохиолдолд ХААИС-ийн нэрийн өмнөөс албан хэргээр гадаадад дахин зорчихыг хориглох болно.

4.8.  Тийз захиалах, захиалгыг цуцлах, өөрчлөх асуудлыг гадаад оронд томилолтоор явагч өөрөө хариуцах ба хохирлыг сургууль хариуцахгүй.

ТАВ. ГАДААД ТОМИЛОЛТЫН ТАЙЛАНГ НЭГТГЭХ

5.1. Гадаад оронд томилолтоор ажиллаад буцаж ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан зардлын гүйцэтгэлийн тайланг гарган, тооцоог хянуулж Санхүүгийн албанд хүлээлгэн өгнө. Үлдэгдэл гарсан тохиолдолд буцаан тооцооны кассанд тушаана.

5.2. Санхүүгийн тайланг гаргахад дараах баримтуудыг хавсаргана. Үүнд: 

  • Нисэх онгоцны суудлын тийз
  • Зочид буудлын баримт
  • Бэлэг дурсгалын зүйл худалдан авсан баримт
  • Дотоодын унаа ашигласан баримт
  • Визний хураамжны баримт
  • Зам хоног ( Албан томилолтын хуудас дээр тухайн очсон сургууль, байгууллагын тамгыг даруулах)
  • Бусад

5.3. Гадаад албан томилолтын хэрэгжилт, гүйцэтгэсэн ажлынхаа тухай өөрийн биеэр ГХАХ-т танилцуулж, илтгэх хуудсыг ажлын 5 хоногт багтаан үнэн зөв гаргаж өгнө.

5.4. Шаардлагатай тохиолдолд гадаад томилолтын үр дүн, тайланг Захирлын болон тухайн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, үнэлгээ өгнө.

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

2020 ОН



ХААИС Тоон мэдээлэл

  • 1
    Байгуулагдсан он : 1958

  • 2
    Суралцагчид
    • Бакалавр оюутан: 4040
    • Магистрант оюутан: 2170
    • Докторант оюутан: 180
    • Хэлний бэлтгэл:
    • Гадаад оюутан:

  • 3
    Нийт багш, ажилтнууд
    • Үндсэн багш: 391
    • Цагийн багш:
    • Ажилтнууд:294