“Эрасмус Мундус хөтөлбөрөөр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт семинар болов
“Ask Asia” төслийн хүрээнд зохион байгуулж буй “Эрасмус Мундус хөтөлбөрөөр төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт” сэдэвт семинар 10-р сарын 15-нд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд болов. Шинжлэх ухааны зөвлөл, Гадаад хамтын ажиллагааны албанаас хамтран зохион байгуулсан энэ семинарт ХААИС-ийн удирдлага, тус хөтөлбөрөөр төгсөгчдийн төлөөлөл, ажил олгогчид болон Европын холбооны их сургуулиудын зочид төлөөлөгчид оролцсон юм.
Дээрх хөтөлбөрт ХААИС-ийн шугамаар магистр, докторын дараах урт, богино хугацааны сургалтад 30 гаруй хүн хамрагдсан байна. Иймээс тус хөтөлбөрөөр төгсөгчдөөс болон ажил олгогчдоос судалгаа аван хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч цаашид ямар чадварыг илүү хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар хэлэлцсэн юм. Мөн оюутнуудыг Европын холбооны их сургуулиудад хэрхэн суралцуулах тухай болон Эрасмус Мундус хөтөлбөрийн дараагийн хөтөлбөрийн талаар илтгэл тавилаа.
Европын Холбооноос санхүүждэг Эрасмус Мундус хөтөлбөр нь Европын холбооны улс хоорондын болон хөгжиж буй улсын их, дээд сургуулийн хамтын ажиллагааны дүнд боловсролын чанарыг сайжруулах, хөгжиж буй орны залуусыг хөгжүүлэх, тэдгээр улсын боловсон хүчнийг чадавхжуулах, Европ-д боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэх зорилготой томоохон төсөл юм.