Хурдавчилсан оношлуурын технологи боловсруулна
“Монгол оронд тохиолддог цусны шимэгч, эгэл биетнээр үүсдэг өвчний тархалтын судалгаа, оношлогооны оновчтой арга боловсруулах нь” сэдэвт хамтарсан судалгааны төслийн нээлт 2014 оны 10 дугаар сарын 15-нд ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэн дээр боллоо. Нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайд Шимизү Такэнори, БШУ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга Б.Насанбаяр, ҮХААЯ-ны Стратегийн, бодлого төлөвлөлтийн хэлтэсийн дарга Л.Чой-Иш, Монгол дахь Жайкагийн төлөөлөгчийн газрын дарга Като Тошинобү, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Обирхиро их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, төслийн удирдагч, Иноүэ Ноборү, МЭХ-ийн захирал, Монгол дахь төслийн удирдагч Б.Батцэцэг болон бусад зочид төлөөлөгчид оролцов.
Нийт 4.8 сая ам.долларын санхүүжилттэй эл төслийн хүрээнд хачгийн халуун, адууны нийлүүлгийн өвчнийг үүсгэгч цусны паразитын халдварлалт, өвчлөл ихтэй 12 аймгийн ихэнх сумдыг хамруулан 5 хошуу малд 7 төрлийн өвчний судалгааг хийх юм байна. Мөн дээрх аймгуудын халдварлалтын зураглалыг гаргах, 7 төрлийн цусны паразит, цусны шимэгч эгэл биетнээр үүсдэг өвчнийг ямар нэгэн тусгай лаборатори багаж хэрэгсэлгүйгээр газар дээр нь хурдан шуурхай, найдвартай оношлох хурдавчилсан оношлуурын технологи боловсруулан үйлдвэрлэлд нэвтрүүлэх гэх мэт үр дүнг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
ХААИС-ийн Мал Эмнэлгийн Хүрээлэн, Япон Улсын Обихирогийн Хөдөө Аж Ахуй, Мал Эмнэлгийн Их Сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлэх энэ төсөл Япон Улсын Засгийн газрын Шинжлэх Ухаан, Технологийн Агентлаг (JST), Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (JICA)-аас хамтран санхүүжүүлдэг “Японы их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагаас хөгжиж буй орны их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх” хөтөлбөрийн хүрээнд шалгарсан аж. Энэхүү хамтарсан судалгааны төсөл нь Монголд хэрэгжиж байгаа анхны САТРЕПС-ийн төсөл гэдгээрээ онцлог юм.
Төслийн хүрээнд Япон улсаас буцалтгүй тусламжийн хэлбэрээр туршилтын амьтны болон судалгааны лабораторийн тоног төхөөрөмж, судалгааны хэрэгсэл нийлүүлэхийн зэрэгцээ жил бүр 2-5 судлаачыг урт богино хугацаагаар Японы Их сургуульд сурган дадлагажуулах, Японы профессор, судлаачид тус хүрээлэн дээр ирж хамтарсан судалгаа явуулах боломж бүрдэж байгаа гэнэ.
Мөн Мал Эмнэлгийн Хүрээлэнгийн судалгааны орчин сайжирч, оношлогооны чадавхи нэмэгдэн түүнд ажиллаж буй боловсон хүчний мэдлэг, чадвар, судалгааны ажлын түвшин, үр дүн олон улсын стандартад нийцэх зэрэг давуу талтай аж.