Шилдэг суурь болон хавсарга судалгааны үр дүн, технологи, бүтээгдэхүүн, бүтээлийн танилцуулга

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

ЦАРГАСНЫ “БУРГАЛТАЙ” СОРТ
 
Таримлын нэр: Царгас
Гарал:Medicago Falcata х M.Sativa эрлийз, селекцийн аргаар 1986 онд гарган авсан.
Ботаник, морфлогийн шинж тэмдэг:
Овог:Fabaceae Lindl (Leguminosae Juss.)
Төрөл:Medicаgo L.
Зүйл: M. varia
Царгас нь олон наст буурцагт ургамал.
Бут: Хагас босоо хэлбэртэй.
Навч: Урт 1.6 см, өргөн 0.7 см
Цэцэг:Өнгө шар алаг, нэг ишин дээр 13-15 баг цэцэгтэй, өргөн 2.2 мм, урт 5.1 мм,
Буурцаг: Хадуур хэлбэртэй, бор хүрэн өнгөтэй, нэг буурцагандаа 3-4 ш, бөөр хэлбэрийн үртэй.
 
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Царгас нь амьдралын анхны жилдээ тарьснаас хойш 65-70 хоног ургалт нь үргэлжлээд 4-5 найлзууртай, 18-26 см өндөртэй салаалалтын үе шатандаа өвөлжилтөнд шилжинэ.
Амьдралын 2 ба дараагийн   жилүүдэд хаврын сэргэн ургалтаас-цэцэглэлт хүртэл 50-55 хоног, үр боловсролт хүртэл 115-120 хоног ургалт нь  үргэлжилэх ба 92.2-96.0 хувийн өвөлжих чадвартай. Ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд (Зүүнхараа)
 50-80 кг/га үрийн, 3000-4000 кг/га өвсний ургац, усалгаатай нөхцөлд (Сэлэнгэ Цагаантолгой) 100-120 кг/га үрийн, 7000-12000 кг/га өвсний ургац, Увс Хархираагийн усалгаатай нөхцөлд үрийн 310-350 кг/га, өвсний 9700-13000 кг/га ургац өгч байв.
1000 үрийн жин: 1.9- 2.0 г. Болц: Орой болцтой. Налалт:Тэсвэртэй. Асгаралт:Бутны нийт буурцагийн 85-95 хувь хүрэнтэх үед асгарна.
 
Идэмж, шимт чанар:
Царгасны цэцэглэх үеийн хуурай бодисын 12.6-15.6 хувь нь протеин 19.0-21.5 хувь нь эслэг байна.
1кг өвс нь 9.3-9.9 MJ солилцлын энерги, 93-118 г протеинтой.
 
Ашиглалт:
Царгас нь уургийн өндөр агууламжтай тул бүх төрлийн мал сайн иддэг ба таримал хадлан бэлчээр болон атаршсан тариалангийн талбайн нөхөн сэргээлтэнд тариалж хөрсний бүтэц, үржил шимийг сайжруулахад ашиглана. Усалгаатай   нөхцөлд ургалтын хугацаанд 2-3 удаа хэнзийн ургац авах буюу мал   бэлчээрлүүлэх боломжтой. Царгасыг тарьснаас хойш үрэнд 5-7 жил, тэжээл болон таримал бэлчээрт 6-8 жил дараалан ашиглах боломжтой ба хөрсний хагалгааны гүнд 1 га-д 8000-12000 кг ургамлын үлдэгдэлийг хуримтлуулан хөрсний бүтэцийг сайжруулж, азотоор баяжуулдаг.
 
ДАГУУР ӨЛӨНГИЙН “ХӨДӨӨ АРАЛ” СОРТ
 
Таримлын нэр:Дагуурын өлөнгө
Гарал: Нутгийн дээжээс сонголтын аргаар 1996 онд гаргаж авсан.
Ботаник, морфологийн шинж тэмдэг:
Овог:Poaceae Barnhart (Gramineae Juss.)
Төрөл:Elymus L.
Зүйл:E. dahuricus Turcz. ex Griseb.
Дагуур өлөнгийн иш нь эгцэрсэн гөлгөр босоо   иштэй, сийрэг бутаар ургадаг, хуурайсаг-чийгсүү,  4 үетэй, 60-120 см өндөр ургадаг. Навчны угларга үсгүй, хэлхэгэр, навчны хэлэнцэр сарьслаг, бүтэн, 1 мм урт, навчны илтэс хавтгай, шөвгөрхүү шугаман хэлбэртэй,
18-32 см урт, 4-12 мм өргөн, өвөр талдаа сийрэг богино үстэй, эсвэл ширүүн, ар тал гөлгөр.Түрүү нилээд нягт, 9-18 см урт, босоо, 5.5 мм өргөн, түрүүхэйдээ 3-4 цэцэгтэй, цэцгийн доод хайрс бүхэлдээ ширүүвтэр, үзүүртээ 7-40 мм урт сортой.
 
 
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Дагуур өлөнгө нь олон наст үет ургамал бөгөөд 4-р сарын сүүлээр сэргэн ургаж, 7-р сард цэцэглэж 8-р сард үрлэнэ. Ургах хугацаа 120-125 хоног, өвлийг өлчир давахаас гадна ганд тэсвэртэй, түрүүлэлтийн үе шат хүртлээ удаан, түүнээс хойш маш хурдан ургадаг онцлогтой. Нэг бутны хуурай ургац 28.7 г. Эргийн хужирлаг нуга ба хайр, дэрстэй хөндий, сөөгөн ширэнгэ, ойн цоорхой, тариан талбайн зах, атаршуулж орхисон газар, зам дагуу ургана. 1000 үрийн жин: 2.69-5.24 г.
 
Идэмж, шимт чанар:
Түрүүлэх хүртэл адуу, үхэр, хонь, ямаа маш дуртай иддэг. Тэжээллэг чанараар сайн. Цэцэглэх үеийн хуурай бодист 7.09-8.09 % протеин, 29.0-25.1 % эслэг агуулна. 1 кг өвс 9.1 MJ солилцлын энерги, 57-65 г протеинтой.
 
Ашиглалт:
Элэгдэлд орсон хөрсийг нөхөн сэргээх, таримал бэлчээр, хадлан бий болгох, нэн ялангуяа услалтын системтэй газар тарьж өвс бэлтгэхэд тохиромжтой. 1980-аад онд Увс аймгийн Хархираагийн ТАА-д тариалж услаж, бордсоноор 8000 кг/га өвсний ургац авсан удаатай. Ой, хээр хийгээд татмын нуга, хээржсэн болон нугархаг хажуу, ойн цоорхой, эргийн элс ба хайрга, сөөгөн ширэнгэнд ургана.
 
САМАН ЕРХӨГИЙН “СҮМБЭР-1” СОРТ
 
Таримлын нэр: Саман ерхөг
Гарал: Байгалийн популяцууд доторх шилэн сонголтын аргаар 2007 онд гаргасан.
Ботаник, морфологийн шинж тэмдэг:
Овог:Poaceae Barnhart (Gramineae Juss.)
Төрөл:Agropyron Gaertn.
Зүйл:A. cristatum (M.Bieb.) Beauv.
Үндэсний систем: Сахлаг, бага зэрэг дэгнүүл үүсгэдэг.Цэцэглэлтийн үеийн бутны хэлбэр: эгц босоо, 88.2 см өндөр.
Навч: Шугаман хэлбэрийн навчтай, навчны илтэс хавтгай, захаараа ялимгүй хуйларсан, гадаргуу нь ширүүн үслэгтэй, цайвар ногоон өнгөтэй, хоёр дахь навчны урт 5-13 см, өргөн нь 2.4-4.6 см, навчны гадаргуу нь ширүүн үслэгтэй, дээд тал нь гүн ногоон, доод тал нь цайвар ногоон өнгөтэй.
Баг цэцэг: Түрүү хэлбэрийн баг цэцэгтэй, 5-7 см урт, 1.7-2.5 см өргөн, бор шаргал өнгөтэй, түрүүнцэрийн тоо 32-36 ш, түрүүн дэх үрийн тоо 69-91 ш.
 
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Ургамал ургалтын хугацаа: 88-95 хоног.  Цэцэглэлт: VII сарын23-наас VIII сарын 03. Үр боловсролт: VIII сарын 25 наас IX сарын 04.
Өвөлжилт: 81.2 хувь
Ган тэсвэрлэлт: Хөрсөн дэх нөөц  чийгийн хэмжээ 19.6-9.7 мм нөхцлийг 8-11 хоног тэсвэрлэж байсан. 
Өвчин, хорлогч шавьжийн хөнөөлд тэсвэрлэлт : Амьдралын 6 дахь жилдээ ямар нэг өвчинд нэрвэгдэлгүй ургаж байгаа, хорлогч шавьжийн хөнөөлд тэсвэрлэлтийг зориудаар шалгаж тогтоогоогүй. Тарьсан жилдээ цухуйлтаас бутлалтын жигдрэлт хүртлэх хөгжлийн үе шат үргэлжилж, 27-39 см өндөрургаж өвөлжилтөд шилжинэ. Цэцэглэлтийн үе шатандаа 7320 кг/га   ногоон, 2930 кг/га өвсний, үр боловсрох үед 200-240 кг/га үрийн ургац авах боломжтой.
Нийт ургацад эзлэх хэнз ургац: 37.9 %. 1000 үрийн жин: 2.06 г
 
Идэмж, шимт чанар:
Адуу, бог мал хавар, бүх төрлийн мал бусад улиралд маш сайн иднэ. Цэцэглэлтийн үе шатанд, үнэмлэхүй хуурайд химийн бүрэлдэхүүн нь: Протеин 6.63%, тослог 2.29%, эслэг 26.46%, АХБ 61.41%, үнс 3.21%.
 
Ашиглалт:
Таримал хадлан, бэлчээр бий болгох, талхлагдсан хөрсийг  нөхөн сайжруулахад тохирно. Амьдралын 2 дахь жилээс эхлэн тэжээлд өвс бэлтгэх технологийн дагуу хадаж ба мал бэлчээх зэргээр 5-6 жил ашиглах боломжтой.

СОРГҮЙ СОГООВОРЫН ТАРИМАЛЖСАН “ТАМИР” СОРТ
 
Таримлын нэр: Соргүй согоовор
Гарал: Нутгийн дээжээс энгийн бөөний болон негатив сонголтын аргаар 2011 онд гаргасан.
Ботаник, морфлогийн шинж тэмдэг:
Овог:Poaceae Barnhart (Gramineae Juss.)
Төрөл:Bromus L.
Зүйл:B. inermis Leyss.
Урт үндэслэг, 5-6 үе бүхий эгц босоо иштэй, олон наст үетэн. Залаа баг цэцэг нь нэг талруугаа ханарсан, сагсгар, 18-25 см уртбайдаг. Залааны нэг үеэс 2-6 мөчрөнцөр салаалж, нэг мөчрөнцөр дээр 2-5 түрүүхэйтэй, түрүүхэй тус бүрдээ 5 цэцэгтэй. Навч зөөлөн, нимгэн, 15-23 см урт, 0.4-0.8 см өргөн.
 
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Эхний  жил бутлалтын үе шатанд 5-7 найлзууртай, 15.0-16.6 см өндөр ургаж   өвөлжилтөнд шилждэг. Дараагийн жилүүдэд хавар эрт 4-р сарын дундуур сэргэн ургаж, 7-р сарын сүүлчээр цэцэглэж, 8-р сарын эцэс 9-р сарын эхээр үр нь боловсордог.   Ган, хүйтэнд тэсвэртэй, ургамлын өндөр (цэцэглэлтийн үед)   85.0-93.0 см. Өвсний ургац 3470- 4260 кг/га. Үрийн ургац 180-200 кг/га. 1000 үрийн жин: 2.8-3.0 г.
 
Идэмж, шимт чанар:
Соргүй согоовор нь шимт чанараар өндөр, идэмж сайн, бүх төрлийн мал жилийн 4 улиралд сайн иддэг, хэнзлэлт сайтай ургамал юм. Цэцэглэлтийн үед 11.7-12.9 хувийн протеин агуулагддаг.
 
Ашиглалт:
Таримал хадлан, бэлчээр бий болгох, ургац нь буурч доройтсон хадлан бэлчээрийг сайжруулах, хот суурин газрыг зүлэгжүүлэхэд нэн тохиромжтой.
 
 
САМАН ЕРХӨГИЙН ТАРИМАЛЖСАН “ЧУЛУУТ” СОРТ
 
Таримлын нэр: Саман ерхөг.
Гарал: Нутгийн дээжээс энгийн бөөний болон негатив сонголтын
аргаар 2011 онд гаргасан.
Ботаник, морфлогийн шинж тэмдэг:
Овог:Poaceae Barnhart (Gramineae Juss)
Төрөл:Agropyron Gaertn.
Зүйл:A. cristatum (M.Bieb.) Beauv.
Эхний   жил   5-6 найлзууртай, 18.0-19.8 см өндөр ургаж өвөлжилтөнд шилждэг. Дараагийн жилүүдэд,  хавар эрт 4-р сарын эхээр сэргэн ургаж, 6-р сард цэцэглэж, 8-р сарын сүүлчээр үрлэнэ.
Бутны хэлбэр эгц босоо.
 
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Ерхөг үетний овгийн зусах хэвт хөгжилтэй, хуурайсаг олон наст үет ургамал. Сахлаг үндэстэй, сийрэг бутаар ургадаг, эгц босоо иштэй, ишиндээ 2-3 үетэй. Навч цөөн, нарийн, 5-8 см урт,   ишний уг орчимд байрладаг. Сам хэлбэрийн шулуун 5.0-6.5 см урт, 1.5-1.9 см өргөн түрүүтэй бөгөөд голоосоо хажуу тийш дэрвийсэн шигүү түрүүхэйнүүдтэй. Нэг түрүүхэйдээ 5-7 цэцэгтэй. Гонзгойвтор зуйван үртэй, үрийн гадарга гөлгөр. Өвсний ургац 3040-3480 кг/га, үрийн ургац 150-180 кг/га. 1000 үрийн жин 2.0-2.4 г.
 
Идэмж, шимт чанар:
Шимт чанараар өндөр, идэмж сайн, бүх төрлийн мал жилийн аль ч улиралд сайн иддэг, хэнзлэлт сайтай. Цэцэглэлтийн үеийн хуурай бодист протеин   11.7-12.9 %, тос 4.42 %, АХБ 55.9%, эслэг 21.7% агуулагддаг.
 
Ашиглалт:
Таримал хадлан, бэлчээр бий болгох, талхлагдсан хөрсийг нөхөн сайжруулах, зүлэгжүүлэхэд нэн тохиромжтой.
 
 
 СИБИРЬ ХЯЛГАНЫ ТАРИМАЛЖСАН “НАРТ-1” СОРТ
 
Таримлын нэр: Сибирь хялгана.
Гарал: Нутгийн дээжээс сонголтын аргаар 2011 онд гаргасан.
Ботаник, морфлогийн шинж тэмдэг:
Овог:Poaceae Barnhart (Gramineae Juss.)
Төрөл:Stipa L.
Зүйл:S. sibirica (L.) Lam.
Сибирь хялгана нь 80-130 см өндөр иштэй, навчны илтэс нь 3-5 мм өргөн, 15-45 см урт.
Иш нь 4-5 үетэй, босоо, 110 см өндөр. Навч нь нарийн, 5-20 см урт, 2-3 мм өргөн, 40 см хүртэл урт. Залаа хэлбэрийн баг цэцэгтэй, 10-30 см урт.
 
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Сибирь хялгана нь олон наст чийгсэг - гансаг ургамал. Байгаль дахь сибирь хялгана бүдүүн ширхэглэг сахлаг үндэстэй, сийрэгдүү бутаар ургадаг хуурайсаг - чийгсүү олон наст өвслөг үет ургамал. Хавар 5-р сарын дундаас хойш сэргэн ургаж, 7-р сард шивээлж, 9-р сарын дундуур үрлэнэ. Үрлэх үед залаа нь нэвсийж, харлаж харагдана. Ургалтын хугацаа 120-130 хоног. Үрээ амархан гөвдөг. Орой болцтой. Хээрийн соёололт 82.3 %, амьдрах чадвар 95.2 %, өвөлжилт 90.5%, өвсний ургац 1600-3100 кг/га, үрийн ургац 130-190 кг/га.Шинэлэг байдал, давуу талууд: Ган, хүйтэнд онцгой тэсвэртэй, өвөлжилт сайтай, ургац арвин, малын тэжээлийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой. 1000 үрийн жин 3.1-3.35 г
 
Идэмж, шимт чанар:
Шивээлэх хүртэл нь бүх төрлийн мал сайн иддэг. Өвөлдөө үхэр адуу сайн, бог мал дунд зэрэг иднэ. Цэцэглэлтийн үеийн хуурай ургацад 17-18 % -ийн протеин агуулдаг.
Ашиглалт:
Хуурайшилт хүчтэй явагдах болсон өнөө үед доройтсон бэлчээр, атаршуулж хаясан тариан талбай, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, таримал бэлчээр, малын тэжээл бэлтгэх зорилгоор ашиглах боломжтой.

 

ЭМЗЭГ ТҮРҮҮТ ӨЛӨНГИЙН ТАРИМАЛЖСАН “МАНДАЛ” СОРТ
 
Таримлын нэр: Эмзэг түрүүт өлөнгө
Гарал:Нутгийн дээжээс бөөний сонголт үржүүлгийн аргаар 2011 онд гаргасан.
Ботаник морфлогийн шинж тэмдэг:
Овог:Fabaceae Lindl. (Leguminosae Juss.)
Төрөл:Psathyrostachys Nevski.
Зүйл:P. juncea (Fisch.) Nevski.
Түрүү баг цэцэгтэй, түрүүхэй нь нэг дор гурав гурваар сууж, түрүүхэйн хайрс нэг бүдэг нарийн шовгордуу, түрүүхэйн гол үеэрээ амархан салж унадаг. Үндэсний систем нь хүчирхэг хөгжсөн (3м). Ургамлын өндөр 107.6-118.6 см. Бутны хэлбэр сагалгар. Навчны урт 45-53 см. Газрын гадаргуу дээр ихэнх нь тархсан. Түрүүний   урт нь 10-16 см, цагаан шаргал өнгөтэй, түрүүн дэх үрийн тоо 105-160 ширхэг.
 
Биологи, аж ахуйн шинж чанарууд:
Тарьсны дараах 2 жилд аажим ургаж бага хэмжээний үрийн ургац өгнө. 4 сарын 15-20-нд сэргэн ургаж 7-р сарын 21-28-нд үр бүрэн боловсорно. Хэнзэлж ургах чадвар маш сайн. Жилдээ 3-4 удаа хэнзэлж, 16000-21000 кг/га ногоон ургац өгнө. Сэргэн ургалтаас үр боловсролт хүртэл 95-105 хоног. Үр хураасны дараа 8-р сард 20 хоногт 20-25 см өндөр ургадаг. 10-р сарын 10 хүртэл ногоон байдлаа хадгалж хагдарна. Үрийн ургац 300-330 кг/га. Үет, буурцагт ургамлаас ялгагдах олон шинэлэг онцлогтой: Үүнд: 5 -р сарын эхийн 10 хоногт 15-25 см өндөр ургаж мал ногоолох хугацааг 1 сараар наашлуулдаг. Ган, хүйтэнд маш их тэсвэртэй. 10-р сарын эхний 10 хоногт ногооноор хагдарна. 1000 үрийн жин 3.0-3.1 гр.
 
Идэмж, шимт чанар:
Хавартаа үхэр маш сайн адуу, тэмээ сайн бусад улиралд бүх төрлийн мал дунд зэрэг иднэ. Тэжээлийн шимт чанарын хувьд буурцагт ургамалтай адил уургийн агууламжтай.
 
Ашиглалт:
Тэжээл үйлдвэрлэл, уул уурхайн нөхөн сэргээлт болон хавар эрт, зун, намар оройн таримал ногоон бэлчээр болгож ашиглах хэрэгтэй.
 
 

 

Эдгээр тэжэээлийн хэрэглэх зааврыг riah.mn хаягаар орж авна уу 

Хэвлэн нийтлүүлсэн ном, бүтээлийн жагсаалт, зураг, танилцуулга

1.  Ё.Загдсүрэн,  Н.Алтанхуяг, Б.Мандах Шилмэл ямаа сонгон үржүүлэх шинэ технологи. УБ, 2001. Зхиогчийн эрхийн гэрчилгээ #1332

2.  Б.Мандах Үржлийн ямааг шилэн сонгох шилэлтийн заалт.2001 АЗ гэрчилгээ #316

3.  Б.Мандах (ерөнхий хянан тохиолдуулагч) Ямаа судлал 50 жилд 2011. УБ

4.  Н.Надмид, Б.Мандах Ё.Доржбат Ямааны аж ахуй. Сурах бичиг 2012. УБ

Б.Мандах Мал амьтны ашиг шим, үржлийн чанарыг үнэлэх  BLUP  загвар  (цахим програм)УБ, 2013 Зхиогчийн эрхийн гэрчилгээ #5163

5.Номын нэ