ХААИС-ийн 56 дахь хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ХААИС-ийн 56 дахь хичээлийн шинэ жилийн нээлт өнөөдөр боллоо. Нээлтэд сургуулийн удирдлага, эрдэмтэн багш, оюутан залуус болон гадаад, дотоодын хүндэт зочид төлөөлөгчид оролцов.
Хичээлийн шинэ жилийн баярын арга хэмжээг нээж ХААИС-ийн захирал, профессор Т.Хэрүүга, УИХ-ын гишүүн Су.Батболд, профессорын багийг төлөөлж Экологижсон технологи, машины менежментийн профессорын багийн ахлагч, доктор, дэд профессор Б.Мөнхбат, шинээр элсэгч оюутныг төлөөлж Инженер, технологийн сургуульд Механик инженер хөтөлбөрөөр элссэн оюутан Ж.Мандахбаяр нар үг хэллээ.
Мөн оюутны төлөөлөлд сурлагын дэвтэр, үнэмлэх, амжилттай суралцсан оюутнуудад захиралын нэрэмжит болон хамтран ажиллагч “ХААН” банкны тэтгэлэг гардуулсан юм. Үүний зэрэгцээ олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн дээд одон медаль хүртсэн Мал эмнэлэгийн сургуулийн ахмад багш Б.Күкей (Монгол Улсын гавъяат багш), ахмад багш С.Андрей (Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон), Морфологи физилогийн тэнхмийн эрхлэгч Г.Гэрэлцэцэг (Алтан гадас одон), жижүүр Б.Баасан (Хөдөлмөрийн хүндэт медаль) нарт сургуулийн захиргааны зүгээс хүндэтгэл үзүүлэв.
Түүнчлэн ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр профессор, дэд профессор цол хүртсэн багш, судлаачдад цолны үнэмлэхийг, доктор, магистрын зэрэг амжилттай хамгаалсан багш, судлаачдад боловсролын зэргийн үэнмлэхийг тус тус ёслол төгөлдөр гардуулав.
Үүний дараа хүндэт зочид, эрдэмтэн багш, оюутан залуусдаа зориулан ХААИС-ийн авъяаслаг оюутнуудын төлөөлөл урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Ингээд тус сургуулийн 56 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд ХААИС-ийн ректор, профессор Т.Хэрүүгагийн хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт эрдмийн хамт олон, эрдэмтэн багш, профессор,
оюутан залуучууд аа,
Та бүхэнд шинэ хичээлийн жилийн баярын мэндийг, энэ өдрийн гал халуун мэндийн хамт дэвшүүлье.
Эрхэм хүндэт оюутнууд аа, эрхэмсэг дүү нар аа
Хэзээ ч, хаана ч мөн чанар, чухал байр сууриа үл алдах, хүн төрөлхтөний мөнхийн хэрэгцээг хангаж байдаг Хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн болохоор сэтгэл шулуудсан Та бүхний сонголтонд талархаж байна.
Манай их сургуулийн эрдмийн хамт олон Таны ирээдүйн зорилгыг биелүүлэхэд бүхий л талаар дэмжин тусалж, чин сэтгэлээсээ хамтран ажиллана. Энэхүү амлалт миний хувьд эрдэмтэн багш, профессоруудынхаа өмнөөс амлаж буй хамгийн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй амлалт байх болно.
Оюутнууд аа, Сонголтоо бататган, зорилгодоо хүрэхийн тулд өндөр хариуцлагатай суралцаарай.
Ингээд 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаа нээснийг мэдэгдье.
Өнгөрч буй хичээлийн жилээс эхлэн “СУДАЛГААНЫ НЭЭЛТТЭЙ ИХ СУРГУУЛЬ” болох зорилгын хүрээнд 3 зорилтыг дэвшүүлсэн байгаа.
Үүнд:
- Суралцагч бүр судлаач байх:
- Багш, профессор бүр шинжлэх ухааны онолын ойлголтуудыг хамгийн энгийн аргаар, бодит байдалд шилжүүлэн, оюутнууддаа жинхэнэ мэдлэг болгон өвлүүлэх мэдлэгийн менежер байх:
- Судлаач бүр, профессор бүр судалгаанд суурилсан, мэдлэгт түшиглэсэн өндөр технологийн эзэн байх:
Эдгээр зорилтуудын хүрээнд “Оюутан бүрийн хөгжлийн төлөө” аяныг зохион байгуулж, 4 томоохон бүтээн байгуулалтыг хийлээ.
- Соёл урлагийн танхимыг “ХАТАН ТУУЛ ” нэртэй оюутны театр болгон тохижууллаа.
- “СПОРТЫН ИЛ ТАЛБАЙ” –тай боллоо.
- Спортын заалт бүхий “ХИЧЭЭЛИЙН ТӨВ БАЙР” –ны шавыг тавилаа.
- "Оргил" мультмедиа студи байгуулж, нээлтээ хийлээ.
Сургалтын үйлчилгээний чанар, хүртээмж, орчныг сайжруулах чиглэлээр:
- Интернэтийн хурдыг 2 дахин нэмэгдүүлж 40Mbps болгов.
- Uniface 5.0 серверийг шинэчлэн хүчин чадлыг 4 дахин нэмэгдүүлэв.
- ХААИС-ийн орчин бүрэн утасгүй /Wi-Fi/ интернэтийн бүс болов.
- Ашиглаж буй серверүүдийн хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэв.
- Онлайн элсэлтийн програмыг бүрэн нэвтрүүлэв.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарын шинэчлэлийн хүрээнд
- Гадаад орны эрдэм шинжилгээний нэр хүндтэй IF өндөртэй сэтгүүлд нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлийн тоог 10-аас 17-д хүргэсэн.
- Профессорын багийн тогтолцоонд үе шаттайгаар шилжих ажлыг эхлүүлэн 19 профессорын баг байгуулан ажиллаж байна.
- БШУЯ болон Азийн банкны санхүүжилтээр Байгалийн шинжлэл, биохимийн, ХАА-н биотехнологийн, Машин судлал, сорилын болон Цахилгаан машины нийт 1,4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий лабораториудыг байгуулах асуудлыг шийдвэрлүүлж, лабораторын тоног төхөөрөмж, хүлээн авах, суурилуулах бэлтгэл хангаад байна.
- Япон Улсын JICA, KOICA байгууллагын дэмжлэгтэйгээр судалгааны орчныг бэхжүүлэх (2), сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх чиглэлээр (1), нийтдээ (4.8 + 3.0 + 1.6 = 9.4 сая ам.доллар) 3 төслийг эхлүүлэв.
- Шинжлэх ухаан технологийн санхүүжилтээр 2 цөм технологийн (нийт 1.818 тэрбум төгрөг) төслийг Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэнг түшиглэн хэрэгжүүлж эхэллээ.
- Боловсрол, шинжлэх ухааны яамны хөрөнгө оруулалтаар Инженерийн сургуульд Гидромеханикийн лаборатори (49.0 сая төгрөг), Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд "Ой, бэлчээр хамгаалал-нөхөн сэргээлт"-ийн (85.0 сая төгрөг) лабораторийг шинээр байгууллаа.
- KOICA болон бусад санхүүжүүлэгч байгууллагуудад судалгааны чиглэлээр (6 сая ам.доллар) 1 төсөл, хамтран судалгаа хийх биотехнологийн парк байгуулах чиглэлээр (50 сая евро) 1 төсөл тус тус хүргүүлэв.
3. Эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаа
- Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны түншлэлийн гэрээний хүрээнд 933 сая төгрөг-ийн санхүүжилт бүхий "Малын тэжээл үйлдвэрлэл"-ийн чиглэлээр инновацийн төсөл хэрэгжүүлж, анхны гарааны компани байгуулав.
- Сургууль маань сүүлийн жилүүдэд банкнаас 1-3 тэрбумын зээл авч хэвийн үйл ажиллагаагаа хангадаг байсан бол энэ хичээлийн жилээс эхлэн өр, зээлгүйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгааг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн багш, ажилтны цалинг 15 хувиар, бусад тэтгэмж, тэтгэлгийг 2-3 дахин нэмэгдүүллээ.
- Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Монгол банктай хамтран Улаанбаатар хотыг мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүнээх хангах 80 фермийн аж ахуй байгуулах, тэдэнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх, хөтөлбөрийг бэлэн болгов.
2014-2015 оны шинэ хичээлд:
1. Сургуулийн нийт төсөвт сургалтын төлбөрийн эзлэх хувийн жинг бууруулж, орлогын олон эх үүсвэр бүрдүүлнэ.
- Сургалтын төлбөрийн нийт төсөвт эзлэх хувийн жинг 12 хувиар бууруулна.
- Санхүүгийн бусад эх үүсвэрийн нийт төсөвт эзлэх хувийн жинг 12 хувиар буюу 1.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ.
Үүнд:
1.Патент, лизенз, өрсөлдөөнт тэтгэлэг, бусад эх үүсвэрээс, 100.0 сая төгрөг
2.Төсөл, хөтөлбөрүүдээс 900.0 сая төгрөг
3.Судалгаа, шинжилгээний ажлаас 500.0 сая төгрөг
Бид энэ хичээлийн жилээс эхлэн Монголын дээд боловсролын түүхэнд нэгэн шинэ алхмыг хийх гэж байна.
Тухайлбал:
Дэлхийн 100 шилдэг их дээд сургуулиудын 300 гаруй хичээлүүдийг цахим хэлбэрээр суралцаж сертификат авах, дэлхийн шилдэг их сургууль болох Oxford, Harvard-ын хичээлийг үзэж, кредит цаг цуглуулах боломж нээлттэй болсныг . эрдэмтэн багш, профессор, оюутан залуучууддаа дуулгахад таатай байна.
Үүний тулд ХААИС-ийн кампус-д ажиллаж, сурч буй бүх хүн англи хэл эзэмших аяныг BE GLOBAL нэрийн дор зохион байгуулж байгааг мэдэгдье.
Энэхүү аянд нэг ч хүн хоцрохгүйгээр нэгдэцгээе хэмээн уриалж байна.
Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.