Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн төлөөлөгчид айлчлав
БНХАУ-ын ОМӨЗО-ны Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн захирал Тэргүүн, Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Хасаа тэргүүтэй төлөөлөгчид (2014.09.17) ХААИС-д айлчиллаа. ХААИС нь тус сургуультай энэ оны 2-р сард хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Гэрээ байгуулаад удаагүй ч өнгөрсөн хугацаанд идэвхтэй хамтран ажилласаныг энэ үеэр онцлов.
Тухайлбал Инженерийн сургуулийн 75 оюутан тус сургуульд 14 хоногийн дадлага хийсэн бол удахгүй Мал эмнэлэгийн сургуулийн 12 багш өвлийн амралтаар зочилж, хамтарсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн цаашид Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн сургуулийн оюутнуудыг бакалавр, магистр, докторын сургалтад суралцуулах, 3+2 хамтарсан хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх гэх мэт чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Ажил мэргэжлийн сургууль нь 2003 онд үүсэн байгуулагдсан. 13000 гаруй оюутантай. 1000 гаруй багш ажилтантай бөгөөд хөдөө аж ахуйн чиглэлийн мал эмнэл зүй, газар тариалан, агрономи болон барилга байгууламж, инженер, урлаг, спортын салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг юм байна. Дадлагын бааз суурь сайтай, суралцах орчин нөхцлийг орчин үеийн шийдэлтэйгээр бүрдүүлсэн. Номын санг олон төрөл танхимаар төрөлжүүлсэн. Оюутны байрны асуудлыг цогцоор нь шийдсэн, спортын цогцолбор компустай, дадлагын бааз дээрээ ихэнх сургалтаа явуулдагаараа онцлогтой аж.