Норвегийн Вант Улсын төлөөлөгчид зочлов
Монгол улсын Норвегийн Вант Улс дахь өргөмжилт консул Кранс Кжетил, Норвегийн Вант Улсын Бээжин дэх элчин сайдын газрын төлөөлөгч Нордгард Лисе болон Норвегийн Вант Улсын Бергений Их Сургуулийн профессорын багийн төлөөлөгчид ХААИС-д (2014.09.19) зочиллоо. Тэд Улаанбаатар хотноо ирэх оны 4-р сард болох “Загас үржүүлгийн технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлын талаар болон хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухайгаа харилцан ярилцсан юм. Энэ үеэр ХААИС-ийн ректор Т.Хэрүүга сургуулийнхаа талаар товч танилцуулж, цаашид бүхий л талаар идэвхтэй хамран ажиллахад таатай байгаагаа уламжилав.
Мөн энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр оролцлоо. Тэрбээр хэлэхдээ, Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа хэрэгжүүлж чадаагүй маш олон мөрөөдөл надад үлдсэн. Үүний нэг нь Монгол улсад загасны аж ахуй байгуулах юм. Яагаад гэвэл миний ээж бүхий л насаараа загасны талаар судалгаа хийсэн хүн. Ээжийнхээ захиас болон мөрөөдлийг нь биелүүлэх эрхэм үүрэг бий.
Тиймээс энэ төслийг хэрэгжүүлэхэд идэвхтэй хамтран ажиллах болно гэсэн юм.
Уулзалтын үеэр Бергений их сургуулийн Биологийн тэнхимийн профессор Гоксёр Андерс сургуулийнхаа талаар танилцуулсан юм. Тус сургууль нь 1825 онд байгуулагдсан, 6 факультет, 14 мянган оюутантай аж. Хотынхоо төвд кампус нь байрладаг бөгөөд далай, тэнгисийн загас судлал, загасны аж ахуйн талаарх судалгаа томоохон байр суурь эзэлдэг гэв. Ер нь сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд Норвегид загасны аж ахуй маш эрчимтэй хөгжсөн бөгөөд үүнийг дагаад эрүүл мэнд, хоол тэжээлийн гээд шийдвэрлэх бэрхшээлтэй олон асуудал байгааг онцолж байлаа. Тиймээс цаашид Монгол улсад загасны аж ахуй байгуулах төслийг хамтран хэрэгжүүлэхэд гарах хүндрэл бэрхшээл болон боломжийн талаар ярилцлаа.