Захирлын 2011 оны 234 тоот
тушаалын гуравдугаар хавсралт
ХААИС-ИЙН БАГШ, СУДЛААЧ, АЖИЛТАН НАР АЛБАН ХЭРГЭЭР
ГАДААДАД ЗОРЧИХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Хөдөө аж ахуйн их сургуулийн зардлаар гадаад оронд албан томилолтоор явах захиргааны ажилтан, бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн болон бусад нэгжид үндсэн орон тоон дээр ажиллаж байгаа багш, судлаач, ажилтан нар урт болон богино хугацаагаар гадаадад албан хэргээр зорчих үед үүсэх аливаа харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Гадаадад албан хэргээр зорчих үйл ажиллагаа гэдэгт хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр байгуулах, туршлага судлах, танилцах аялал хийх, урт болон богино хугацаагаар мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамрагдах, магистрантур, докторантурт суралцах, олон улсын хурал, зөвлөгөөн, семинар, уулзалт, уралдаан тэмцээнд оролцох зэрэг арга хэмжээг хамруулан ойлгоно. Гадаад томилолтыг агуулгаар 3 ангилна. Үүнд:
Сургалт, судалгааны үйл ажиллагааны томилолт:
(судалгааны ажлыг гадаад орны лаборатори, бусад материаллаг нөөцийг түшиглэн гүйцэтгэх, судалгааны үр дүнг олон улсын хуралд илтгэх, хичээлийн шинэ хөтөлбөр боловсруулах, хамтарсан сургалт зохион байгуулах, туршлага судлах, танилцах аялал г.м.);
Захиргааны албан томилолт:
(ХААИС-ийн захиргааны ажилтан, бүрэлдэхүүн сургуулийн захирал, тэднийг орлох албан тушаалтан гадаадын их, дээд сургууль, ОУ-ын байгууллагатай гэрээ хэлэлцээр байгуулах, албан томилолтоор ажиллах);
Гадаад оронд суралцах томилолт:
(Хоёр улсын засгийн газар, ХААИС-ийн гадаадын их, дээд сургууль, байгууллагатай байгуулсан гэрээ, бусад санхүүжүүлэгч байгууллагын тэтгэлэг, хувийн зардлаар гадаадад урт, богино хугацаагаар суралцах) гэж ангилна.
1.3.Гадаадад албан хэргээр зорчихыг хугацаанаас хамааруулан богино хугацааны ба урт хугацааны гэж тооцно. Үүнд: богино хугацаанд 1 сар хүртэлх, урт хугацаанд 1 сараас дээшхи хугацааг хамруулан ойлгоно.
Хоёр. Багш, судлаач, ажилтан гадаадад
зорчих асуудлыг шийдвэрлэх
2.1. Хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, гадаадын байгууллагаас ирүүлсэн мэдэгдэл, урилгын дагуу ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар гадаадад зорчих асуудлыг удирдан зохион байгуулах, хянах, үнэлэх асуудлыг ХААИС-ийн Захиргааны алба хариуцна.
2.2. Гадаадад томилолтоор ажиллуулах тухай тушаал гаргахад шаардлагатай материалыг тухайн багш, судлаач, ажилтан нар бүрдүүлж, тухайн нэгж байгууллага /бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн/-ийн удирдлагын зөвшөөрч баталсан гадаадад албан хэргээр ажиллах удирдамж, зардлын тооцоог боловсруулж, явах өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Захиргааны алба, Санхүүгийн албанд тус тус танилцуулж, хянуулна.
2.3. Гадаадад ажиллах тухайгаа ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар ХААИС-ийн захиралд өөрийн биеэр танилцуулна.
2.4. Захирлыг зөвшөөрсөн тохиолдолд Гадаадад томилон ажиллуулах тухай захирлын тушаалыг боловсруулж, баталгаажуулах ажлыг Захиргааны алба зохион байгуулна.
Гурав. ХААИС-ийн багш, судлаач, ажилтны гадаад
томилолтын зардлыг тооцох, санхүүжүүлэх
3.1. ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар гадаадад албан томилолтоор зорчих зардлаа Монгол Улсын Сангийн сайдын 2009 оны 9 сарын 13-ний өдрийн 188 тоот тушаалын дагуу гадаад албан томилолтын норматив хэмжээг үндэслэн тооцно.
3.2. Дараах үндэслэлийг харгалзан гадаад томилолтыг санхүүжүүлж болно. Үүнд:
· Хүлээн авагч тал хамтран ажиллах ажилтны нэр зааж урьсан, ажлын байрны нөхцлөөр хангасан;
· Судалгааны ажил, сургалтын хөтөлбөр боловсруулах зэрэг ажлын зарим хэсгийг зайлшгүй тухайн улсад очиж гүйцэтгэх шаардлагатай;
· Гэрээ хэлэлцээр байгуулах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх.
3.3. Гадаад албан томилолтын үр дүнд гарах үр ашиг, сургуулийн санхүүгийн чадавхи, хүлээн авах талын санал зэргийг харгалзан томилолтын зардлыг санхүүжүүлэх хэлбэрийг Санхүүгийн үйл ажиллагааны журмын 3.7.1.-д зааснаар доорхи байдлаар тохиролцоно. Үүнд:
· ХААИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харьяа сургууль зардлыг бүрэн хариуцах;
· ХААИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургууль ба хүлээн авагч тал зардлыг хувааж хариуцах;
· ХААИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн болон харъяа сургууль ба хувь хүн зардлыг хувааж хариуцах;
· Хүлээн авагч тал зардлыг бүрэн хариуцах;
· Хувь хүн зардлаа бүрэн хариуцах;
3.4. Гадаад томилолтын зардлын төрөлд дараах зүйл багтана. Үүнд:
· Олон улсын унаанызардал;
· Визийн хураамж;
· Бэлэг дурсгалын зардал (эрх бүхий албан тушаалтанд хамаарна);
· Дотоод унааны зардал (эрх бүхий албан тушаалтанд хамаарна);
· Зочид буудлын зардал;
· Зам хоног.
3.5. Олон улсын нислэгийн тийзийг хамгийн хямд хувилбараар болон ОХУ-ын Новосибирск, Эрхүү, БНХАУ-ын Бээжин, Хөх Хот, Эрээн зэрэг хотуудад галт тэрэг болон бусад тээврийн хэрэгсэлээр явах бололцоог харгалзан үзэж унааны зардлыг төлөвлөнө.
Дөрөв. Гадаадад зорчиход талуудын хүлээх
үүрэг, хариуцлага
4.1. Гадаад томилолтын зардлыг аль талаас хариуцахаас үл хамааран гадаадад албан томилолтоор зорчих ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нь энэхүү журам болон гэрээгээр хүлээсэн үүргээ чанд биелүүлнэ.
4.2. ХААИС-ийн багш, судлаач, ажилтан нар богино хугацаагаар гадаадад зорчих тохиолдолд энэхүү журмын дагуу зохицуулагдана.
4.3. Урт хугацаагаар зорчих буюу мэргэжил дээшлүүлэх, магистрантур, докторантурт суралцах бол ажлаас түр чөлөөлж, албан тушаал, ажлын байрыг хадгалах үүргийг ХААИС хүлээж, тухайн этгээдтэй ХААИС, бүрэлдэхүүн болон харьяа сургуулийн хамтарсан 3-н талт гэрээг байгуулж, гэрээний хувийг Захиргааны алба, Санхүүгийн алба, хүний нөөцийн ажилтанд тус тус хадгалуулна.
4.4. Томилолтоор ажиллахдаа тухайн улс орны соёл, ёс заншлыг хүндэтгэн үзэж, хууль журмыг нь чандлан сахих, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргахгүй байна.
4.5. Тогтсон хугацаанд буцаж ирэх, хэрэв албан томилолтыг сунгах бол урьдчилан мэдэгдэнэ.
4.6. Гадаад албан томилолтоор явж буй тохиолдолд учирч болзошгүй эрүүл мэндийн асуудлыг тухайн хүн өөрөө хариуцна. Тус сургууль эрүүл мэнд, амь даатгал, эд хөрөнгийн даатгал, гадаад орон дахь эмчилгээ, шинээр паспорт авах, хугацааг сунгах зардлыг хариуцахгүй болно.
4.7. Гадаадад зорчих хугацаандаа тухайн орны хууль журам, сахилгын болон ёс зүйн зөрчил гаргасан, эсвэл энэхүү журмын зохих заалтыг зөрчсөн, гадаадад зорчин ажилласан ажлын үр дүн хангалтгүй тохиолдолд ХААИС-ийн нэрийн өмнөөс албан хэргээр гадаадад дахин зорчихыг хориглох болно.
4.8. Тийз захиалах, захиалгыг цуцлах, өөрчлөх асуудлыг гадаад оронд томилолтоор явагч өөрөө хариуцах ба учирсан хохирлыг сургууль хариуцахгүй.
Тав. Гадаад томилолтын тайланг нэгтгэх
5.1. Гадаад оронд томилолтоор ажиллаад буцаж ирснээс хойш ажлын 5 хоногт багтаан зардлын гүйцэтгэлийн тайланг гарган, тооцоог хянуулж Санхүүгийн албанд хүлээлгэн өгнө. Үлдэгдэл гарсан тохиолдолд буцаан тооцооны кассанд тушаана.
5.2. Санхүүгийн тайланг гаргахад дараах баримтуудыг хавсаргана. Үүнд:
· Нисэх онгоцны суудлын тийз
· Зочид буудлын баримт
· Бэлэг дурсгалыг зүйл худалдан авсан тухай баримт гэх мэт
5.3. Гадаад албан томилолтын хэрэгжилт, гүйцэтгэсэн ажлынхаа тухай өөрийн биеэр Захиргааны албанд танилцуулж, илтгэх хуудсыг ажлын долоон хоногт багтаан үнэн зөв гаргаж өгнө.
5.4. Шаардлагатай тохиолдолд гадаад томилолтын үр дүн, тайланг захирлын болон тухайн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, үнэлгээ өгнө.