ГАДААДАД СУРАЛЦАХ ОЮУТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нийтлэгч : С.Erdene-ochir
Огноо: 1999-12-31 00:00:00

 

МОНГОЛ УЛСЫН 
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ 
САЙДЫН ТУШААЛ 



2006 оны 12 сарын 01 өдөр                        Дугаар 433                                            Улаанбаатар хот 


Журам батлах тухай 
 

Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2006 оны бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны нэгжийн дарга нарын зөвлөлийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь: 
 
1. ”Гадаадад суралцах оюутныг сонгон шалгаруулах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай. 

2. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 356 дугаар тушаалын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай. 
 
САЙД                                                                  Ө.ЭНХТҮВШИН 
 
 
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 
2006 оны 433 дугаар тушаалын хавсралт 



ГАДААДАД СУРАЛЦАХ ОЮУТНЫГ 
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ 

 
Нэг. Нийтлэг зүйл 

1.1. Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах оюутныг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримтлана. 

1.2. Тухайн жилд гадаадад суралцуулах мэргэжлийн чиглэлийг хүлээн авах талын санал, төрийн захиргааны төв байгууллага, агентлагаас ирүүлсэн захиалга, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл, нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төлөв байдлыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид “яам” гэнэ)-аас тогтооно. 

1.3. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллеж (цаашид “сургууль” гэнэ)-ийн өдрийн 1–2 дугаар ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны оюутнуудыг сургуулийн тодорхойлолтыг үндэслэн сурч байгаа мэргэжлийн чиглэлээр нь уралдаант шалгалтад оруулна. 

1.4. Суралцагчийг хүлээн авах гадаад орны холбогдох байгууллагаас сонгон шалгаруулалтыг зохион байгуулах талаар энэ журамд зааснаас өөр тусгайлсан нөхцөл, журмыг шаардсан тохиолдолд түүнийг баримтална. 

1.5. Гадаадад суралцуулах сонгон шалгаруулалтыг яамнаас 7-оос доошгүй хоногийн өмнө өөрийн вэб хуудсаар дамжуулан зарлана. 
Хоёр. Бүртгэл 

2.1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй оюутнууд нь өөрийн суралцаж буй сургуульд хандана. 

2.2. Зарлагдсан хуваарь тус бүр дээр их сургууль 6 хүртэл, дээд сургууль, коллеж нь 3 хүртэл тухайн чиглэлээр суралцаж буй оюутныг урьдчилан шалгаруулна. 

2.3. Сургууль нь урдчилсан шалгаруулалтад тэнцсэн оюутнуудын бүртгэлийг доорх хүснэгтийн дагуу гаргаж, зарлагдсан хугацаанд яаманд ирүүлнэ. Хоцроож ирүүлсэн бүртгэлийг хүлээж авахгүй. 
Овог нэр
Нас
Хүйс
Утас
Сургууль
Анги
Голч дүн
Мэргэжил
Суралцах мэргэжил
Түвшин
1
 
 
 
 
 
 
 
 
 
 


2.4. Яам нь сургуулиудын бүртгэлд хамрагдсан оюутнуудыг тогтоосон хугацаанд шалгалтад орох боломжоор хангана. Оюутнууд шалгалтад орохдоо иргэний болон оюутны үнэмлэхээ авч ирнэ. 
Гурав. Сонгон шалгаруулалт 

3.1. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнийг яам батлана. Шаардлагатай бол хүлээн авах орноос Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын төлөөллийг оролцуулна. 

3.2. Сонгон шалгаруулалтыг гадаад хэл (тухайлсан гадаад хэл шаардаагүй бол англи эсвэл орос хэл)-ний шалгалт, мэргэжлийн суурь шалгалт гэсэн 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд: 
Мэргэжлийн чиглэл
Авах шалгалт
1.
Эдийн засаг, менежмент, физик, математик, компьютер, программ хангамж, инженер, технологи, архитектур, геодези, цаг уур, ус хангамж, электроник, эрх зүй, философи, сэтгэл судлал, боловсрол, социологи
1. Математик
2. Гадаад хэл
2.
Малзүй, мал эмнэлэг, агрономи, биологи, биотехнологи, ой судлал, анагаах ухаан, хими, хими технологи, металлурги, арьс шир, хүнс, материал судлал, материалын технологи
1. Хими 
2. Гадаад хэл
3.
Түүх, газарзүй, улс төр, музей судлал, уран зохиол, сэтгүүл зүй, олон улсын харилцаа, орон судлал
1. Нийгмийн тухай мэдлэг 
2. Гадаад хэл
4.
Соёл, урлаг, биеийн тамир
1. Мэргэжил 
2. Гадаад хэл
5.
Бүх төрлийн гадаад хэлний орчуулагч
1. Монгол хэл 
2. Гадаад хэл


3.3. Хоёр шалгалтад 60-аас дээш хувийн амжилт үзүүлбэл зохино. Энэ босго оноо нь шалгалтад оролцогчдын тооноос хамааран хэлбэлзэж болно. 

3.4. Энэ журмын 3.3 дах заалтыг хангасан оролцогчдын шалгалтын нийлбэр оноог мэргэжлийн чиглэл тус бүрээр жагсааж, хамгийн өндөр оноо авсан оролцогчдоос хяналтын тоонд багтаан шалгаруулна. Оролцогчдын оноо тэнцвэл сурлагын голч дүнг харгалзах ба уг оноо мөн тэнцсэн тохиолдолд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дундаж дүнг харгалзана. 

3.5. Яам нь гадаад орны сургуульд суралцахаар шалгарсан оюутны материалыг хүлээн авах талын шаардлагад нийцүүлэн бүрдэл болгож хүргүүлэх ажлыг холбогдох гэрээ, хэлэлцээрт заасны дагуу гүйцэтгэнэ. 

3.6. Суралцуулах тухай эцсийн шийдвэрийг хүлээн авах тал гаргана. Шийдвэр хүлээн авсан оюутан нь яамнаас гаргасан тусгай маягтын дагуу тангарагийн бичиг өргөн барьж, хүлээн авах талаас хуваарилсан хот, сургуульд заасан мэргэжлийн чиглэлийн дагуу суралцана. 
Дөрөв. Бусад зүйл 

4.1. Гадаадын аль нэг оронд суралцуулах шалгалтад тэнцэж тухайн орны Засгийн газарт материал нь хүргэгдсэн оюутныг дахин өөр оронд суралцуулах шалгалтад оруулахгүй. 

4.2. Шалгалтад тэнцсэн оюутан нь гадаад орноос хүлээн авах тухай албан ёсны эцсийн хариу ирэх хүртэл сургуульдаа үргэлжлүүлэн суралцана. 

4.3. Сонгон шалгаруулалтын бэлтгэлийн болон зохион байгуулалтын холбогдох зардлыг шалгаруулалтад оролцогч хариуцна. 

4.4. Оюутан шалгалтын асуултыг хариулах буюу дүгнүүлэхдээ бусдын дэмжлэг авах, вариант солих, тусгай бэлтгэсэн материал, ном, хэвлэл хуулж ашиглах, бусдад туслах зэргээр шалгалтын дэг зөрчих, худал мэдээдэл өгөх, хуурамч баримт бичиг үүлдэх зэрэг хуурч мэхлэхийг оролдсон болон бүртгэл, шалгалтын үед тавьсан бусад нэмэлт шаардлагыг биелүүлээгүй, шалгалтад орохдоо иргэний үнэмлэхээ авч ирээгүй, зарлагдсан хугацаанаас хоцорсон бол шалгалтаас хасна. 

4.5. Сонгон шалгаруулах явцад гарсан маргааныг холбогдох хяналтын байгууллага хянан шийдвэрлэнэ.