Хөдөө аж ахуйн их сургууль УДЭТ-ын хамтын ажиллагааны гэрээний дагуу Суурь боловсролын төвийн Нийгмийн ухааны тэнхимийн хамт олон оюутны чөлөөт цагийн 4D хөтөлбөр хэрэгжүүлсэн билээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд Б.Цогнэмэхийн зохиол, УДЭТ- ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулсан “Тэнгэрийн хүү” жүжгийг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, Мал аж ахуй биотехнологийн сургууль, Инженер технологийн сургууль, Эдийн засаг бизнесийн сургууль, Агроэкологийн сургуулийн 1,2-р курсын оюутнуудад үзүүлэх ажлыг зохион байгуулав.
Энэхүү жүжиг нь 2011 оны Гэгээн Муза наадмын 6 төрөлд шилдгээр шалгарснаас гадна оны хамгийн шилдэг бүтээлд олгодог гран-при шагналын эзэн болсон чансаатай уран бүтээл байлаа.
2223 жилийн тэртээ бидний өвөг дээдсийн байгуулсан монгол төрийн уламжлал,төр улс оршин тогтнохын утга учир,өнөө үед ч ач холбогдол нь буураагүй бөгөөд харин ч монгол түмний өмнө тулгамдаад байгаа газар нутгаа хайрлан хамгаалах, бүрэн бүтэн байлгах мөнхийн асуудлыг сөхөж тавьснаараа “Тэнгэрийн хүү” жүжиг цаг үеэ олсон нандин бүтээл болж чаджээ. Мөнгөний төлөө эх орноо ч худалдахаас сийхгүй төрийн түшмэдүүдийн гайгаар улс орны аюулгүй байдал алдагдаж,эрх ямба,эрх мэдлийн төлөө улайрсан хэсэг бүлэг хүмүүсийн явцуу эрх ашиг төрийг мөхөөхөд хүргэх аюултай гэдгийг илүүтэй гаргаж өгөхийг хичээсэн нь улс орны ирээдүйн эзэн болсон оюутан залууст маань өөрийн эрхгүй нэгийг бодуулж хоёрыг сануулах мэт. УДЭТ-ын тайзыг дүүртэл суусан ХААИС-ийн оюутнууд бүтэн 3 цагийн туршид 2223 жилийн тэртээх түүхийн улбар шар он цагаар аялан; омогшил, уярал, харуусал, ухаарлыг сүлэлдүүлэн, эх орон газар шороо,тусгаар тогтнолын үнэ цэнийг улам мэдрэн, эх нутгаа, эх түүхээ хайрлах халуун сэтгэлээр омогшин байсан гэдэгт итгэл төгс байна.