Манай модон бөмбөгчид Оюутны дэлхийн аваргаас 3 хүрэл медальтай ирлээ
Малайз улсын Перлис хотод 10-р сарын 21-26-нд болсон Оюутны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид модон бөмбөгийн төрлөөр оролцож 3 хүрэл медальтай эх орондоо ирлээ. Тус тэмцээнд 15 орны эрэгтэй 47, эмэгтэй 33 тамирчин Модон бөмбөгийн 9 төрлөөр 32 багц медалийн төлөө өрсөлдөв.
Эрэгтэй тамирчид цохилтын төрлөөр тэмцээний талбайд нийт 48 зам явсанаас Ц.Баасанжаргал /Агроэкологийн сургууль/ 245 оноо XVIII-р байр, Б.Баянбулаг / Агроэкологийн сургууль / 250 оноо XXIII-р байр, Д.Даваадорж /ИТ-ийн сургууль/ 262 оноо XXVI-р байрт тус тус шалгарсан байна.
Эрэгтэй тамирчид багын дүнгээр нийт 946 оноотой IV-р байр эзэлжээ.
Харин эмэгтэй тамирчид цохилтын төрлөөр тэмцээний талбайд нийт 48 зам явсанаас Б.Оюунтуяа /Агроэкологийн сургууль/ 253 оноо XXIII-р байр, Б.Хишигжаргал /Мал эмнэлгийн сургууль/ 263 оноо XXVI-р байр, М.Сугарсүрэн /Мал эмнэлгийн сургууль/ 263 оноо XXVII-р байрт тус тус шалгарсан байна.
Эмэгтэй тамирчид багын нийлбэр дүнгээр нийт 1019 оноотой V-р байр эзлэв. Тайланд 843, Хонгконг 928, Малайз 971, Тайвань 973 оноотой эхний байруудад шалгарчээ.
Баг тамирчдаа тэмцээн уралдаанд оролцоход бүх талаар тусалж дэмжсэн Монголын Оюутны Спортын Холбоо, Монголын Модон Бөмбөгийн Холбоо, ХААИС-ББХТ-ийн багш ОУХМ Ж.Загас нарт тамирчид талархаж байгаагаа илэрхийллээ.
Оюутны дэлхий аваргаас анх удаа 3 хүрэл медальтай ирсэн нь манай оюутан тамирчид олон улсад чансаатай гэдгээ харуулсан сайхан үзүүлэлт юм.