“Хөтөлбөрийн шинэчлэлд-таны оролцоо” сэдэвт уулзалт болов

Нийтлэгч : .
Огноо: 2014-10-27 08:10:54

Дээрх уулзалтыг Сургалтын бодлого, зохицуулалтын албанаас 10-р сарын 27-нд зохион байгуулав. Уулзалтад ХААИС-ийн ректор Т.Хэрүүга, Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга Б.Буянзаяа болон гадаадын их, дээд сургуулиудад боловсрол эзэмшсэн багш нарын төлөөлөл оролцсон юм. Уулзалтыг нээж СБЗА-ны дарга Б.Буянзаяа хэлсэн үгэндээ “Манай албаны үндсэн таван зорилтын хүрээнд хийх ажлуудын нэг нь ХАА-н мэргэжилтэн бэлтгэх үндэсний хөтөлбөр боловсруулах юм. Тиймээс дээрх хөтөлбөрийг боловсруулж, шинэчлэхэд багш нарын үнэтэй саналыг сонсохоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байна” гэв.

 

Мөн ХААИС-ийн ректор Т.Хэрүүга “Шилдэг сайн хөтөлбөр боловсруулах маш чухал юм. Судалгааны их сургууль, дэлхийн шилдэг сургууль болох нь манай сургуулийн зорилго. Иймээс сургуулийн маань судлаач, багш, профессор нь ямар шаардлага хангасан хүн байх вэ гэдэг асуудал тулгарч байна.  Цаашид багш нарын аттестачлалыг шинэлэг байдлаар зохион байгуулна. Судалгааны сургууль болохын тулд шаардлагатай тоног төхөрөөмж бүхий лабораторитой болохоор төлөвлөж заримыг нь тоноглоод байна. Хөтөлбөр шинэчлэлийн тухай БНХАУ-ын их, дээд сургуультай хамтран ажиллах талаар хэлэлцээнд гарын үсэг зурсан. Түүнчлэн хөтөлбөр сайжруулах төслийг гадаадын их, дээд сургууль болон хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Мал эмнэлэг, Эдийн засаг,  бизнесийн сургуулиудад зохион байгуулж байна” гэв.

Энэ үеэр багш нар аль орны ололт туршлагыг илүү нэвтрүүлэх вэ гэдгээ тогтох, мэргэжилтний зах зээлийн эрэлт, хэрэгцээг судлах, багш нарын уялдаа холбоог сайжруулах, элсэгчдийн чанарт анхаарах, мэргэжил сонгох сурталчилгаа хийх, зочин профессор урих, кредит системийг оновчтой зохион байгуулах, шинэчлэлтийг түргэн хянуур хийх гэх мэт олон саналыг хэлсэн юм.