ХААИС “Газрын салбарын боловсон хүчин бэлтгэдэг шилдэг их сургууль”-иар шалгарав
Монгол улсад газар зохион байгуулалтын алба байгуулагдсаны 60 жилийн ой 2014 онд тохиож байгаа юм. Энэ хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулагдсан бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа геодези зурагзүйн газраас ХААИС-ыг “Газрын салбарын боловсон хүчин бэлтгэдэг шилдэг их сургууль”-иар шалгаруулсныг 2014 оны 10-р сарын 31-ны өдрийн салбарын баярын арга хэмжээний үеэр гардууллаа.
ХААИС-д анх 1997 оноос газар зохион байгуулалт мэргэжлээр элсэлт авч эхэлсэн бөгөөд өнөөдөр Газар зохион байгуулалт, Газрын кадастр, Газрын үнэлгээ, Ландшафтын архитектур мэргэжлээр нийт 1000 орчим оюутан суралцаж байна. Мөн Газар зохион байгуулалт мэргэжлээр магистр, докторын сургалтыг амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Монгол улсад газрын салбарын боловсон хүчнийг ХААИС, МУИС, ШУТИС, Дарханы УГТЭГХ, МҮИС, Эко Ази, Газарчин зэрэг улсын болон хувийн өмчийн 7 их дээд сургуульд бэлтгэдэг байна.