ХААИС-ийн оюутнууд Микробиологи, иммунологийн улсын олимпиадад амжилттай оролцов
МУ-ын гавъяат багш профессор Г.Жамбын нэрэмжит Микробиологи Иммунологийн Улcын IV олимпиадыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2008 оноос эхлэн 2 жил тутамд зохион байгуулагддаг уламжлалтай.
Энэ удаагийн олимпиадыг Монгол улсад микробиологийн шинжлэх ухаан үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд 2014 оны 10 сарын 11 ний өдөр АШУҮИС-ийн Эм зүй, Био-Анагаахын Сургууль, МУИС-ийн Биологи Биотехнологийн Сургууль, ХААИС-ийн Мал Эмнэлэг Биотехнологийн Сургууль, Монголын Дархлаа Бичил амь судлалын нийгэмлэг, АШУҮИС-ийн MISC оюутны клуб хамтран Анагаах ухаан, биологи, биотехнологи, мал эмнэлэг, удам зүй, хүн судлалын чиглэлээр сургалт эрхэлдэг Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулийн төгсөлтийн өмнөх өдрийн ангийн оюутнуудын дунд зохион байгуулсан юм.
Дээрх олимпиадад ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн мал эмнэлзүйн III, IV, V курсын оюутнууд, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологийн II, III курсын нийт 147 оюутан оролцсоноос ганцаарчилсан болон багийн төрөлд Мал эмнэлгийн сургуулийн “Таван эрдэнэ”, “Гал уураг” баг амжилт үзүүлэв.
Нийт 14 багаас Мал эмнэлгийн сургуулийн “Таван Эрдэнэ” баг /Мал эмнэл зүйн 4-р курсын оюутан Б.Наранбат, С.Ундармаа, Э.Элбэгсайхан, 3-р курсын оюутан Б.Отгонзаяа, Б.Лхамсүрэн нарын багын гишүүд/ III байр, ганцаарчилсан төрөлд 260 гаруй оюутан оролцсоноос тус сургуулийн V курсын оюутан Т.Алтанзул III байр эзэллээ.