“Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
ХААИС-ийн багш нарын судалгаа, туршилтын ажлыг чанаржуулах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд залуу судлаач, багш нарын оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал хоёр дахь жилдээ 11-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэ жилийнх Мал эмнэлгийн хүрээлэнгээс зохион байгуулдаг “Шинэ үе-2013” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг нэгтгэн “Шинэ үе хөдөө аж ахуйн тогтвортой хөгжилд” нэрийн доор өргөн цар хүрээтэй зохион байгуулагдсанаараа онцлог байв.
Тус хуралд 20 гаруй багш, судлаач бүтээлээ хэлэлцүүлсэнээс Мал эмнэлгийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Т.Амгаланбаатарын “Дельтатраз дусаалга бэлдмэлийг IN VITRO болон IN VIVO нөхцөлд туршсан дүн” сэдэвт бүтээл нэгдүгээр байр, Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, доктор Т.Алтанзаяагын “Ургамал хүйтэнд дасан зохицоход тилакойдны мембран дахь ханаагүй тосны хүчлийн үүрэг оролцоо” сэдэвт бүтээл хоёрдугаар байр, Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн багш Б.Одончимэгийн “Дархан-Уул аймгийн нутагт ховордсон амьтан ургамлын төрөл зүйлийн хамгааллын асуудалд” сэдэвт бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарлаа. Шилдэг бүтээлийн эздийг 400 000-1 000 000 төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлөөс харьяа хүрээлэнгүүдийн 40 хүртэлх насны багш, судлаачдын дунд мал аж ахуй, мал үржүүлэг, мал эмнэлэг, ХАА-н биотехнологи, Ургамал газар тариалан, ургамал хамгаалал, ХАА-н инженерчлэл, эдийн засаг гэх мэт 11 сэдвийн хүрээнд дээрх хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.