Магистрант, докторантын шилдэг бүтээлийн эзэд тодорлоо
Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ХААИС-ийн магистрант, докторантын 2014 оны шилдэг илтгэл шалгаруулах нэгдсэн бага хурал 11-р сарын 21-нд боллоо. Нийт шилдэг 7 магистрант, 11 докторант илтгэл хэлэлцүүлсэнээс Мал эмнэлгийн сургуулийн докторант Д.Эрдэнэчимэгийн “Монгол оронд хачигт энцефалитийн сибирийн хэвшлийн вирусийг илрүүлж, ийлдэс судлалын шинжилгээ хийсэн дүнгээс” сэдэвт бүтээл нэгдүгээр байранд, Эдийн засаг, бизнесийн сургуулийн докторант Т.Чимэдцэрэнгийн “Хүний үнэлэмжийг топорхойлох асуудал” бүтээл хоёрдугаар байранд, Инженер, технологийн сургуулийн докторант Г.Даваасүрэнгийн “Нано тосолгооны материал ашиглан хөдөлгүүрийн эд ангийн элэгдэл бууруулах үндэслэл” сэдэвт судалгааны бүтээл гуравдугаар байранд, тус тус шилдэгээр шалгарсан байна.
Харин магистрантын шилдэг бүтээлээр Мал эмнэлгийн сургуулийн магистрант Ц.Мөнхтуулийн “Улаанбаатар хотын нохойд тохиолдож буй хавдрын судалгаа” бүтээл нэгдүгээрт, Эдийн засаг, бизнесийн сургуулийн магистрант Б.Ариунболдын “Хувьцаат компанийн үнэ цэнийг тооцох зарим асуудал” бүтээл хоёрдугаарт, Инженер, технологийн сургуулийн магистрант Б.Золзаяагын “Үр тариа хураах комбайнаас гарах ургацын хаягдал судалсан дүн” бүтээл гуравдугаар байрт тус тус шалгарав.
Докторантын шилдэг судалгааны бүтээлийн эздийг зургаан зуун мянгаас нэг сая төгрөг, магистрантын шилдэг бүтээлийг дөрвөн зуун тавин мянгаас найман зуун мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа.