Инженер, технологийн сургуулийн оюутнууд Улсын олимпиадад амжилттай оролцов
Монгол Улсын их, дээд сургуулиудын дунд зохиогддог Онолын механик хичээлийн Улсын V олимпиад 11 сарын 22-нд амжилттай болж өндөрлөлөө. Тус олимпиад нь хоёр жилд нэг удаа зохиогддог бөгөөд энэ удаа ШУТИС-ийн Механик тээврийн сургууль, Барилга Архитектурын сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Инженер, технологийн сургууль, Тээврийн дээд сургууль (ТЗДС), Монголын үндэсний их сургууль, Батлан хамгаалахын их сургууль, Үндэсний технологийн дээд сургууль, Техник технологийн дээд сургууль гэх мэт нийт 10 сургуулийн 12 багийн 75 оюутан оролцлоо.
Дээрх олимпиадад ХААИС-ийн Инженер механикийн III курсын оюутан Б.Баярмаа, Д.Пүрэвбаатар, Инженер механикын II курсын оюутан О.Түвшин, Инженер багшийн II курсын оюутан Э.Оюун-эрдэнэ, Л.Болорчимэг нар оролцсон юм.
Багийн дүнгээр нэгдүгээр байранд н.Даш-очир багштай ШУТИС-ийн Дархан уул аймаг дахь Технологийн сургуулийн баг, хоёрдугаар байранд Г.Даваасүрэн, Д.Түвшинжаргал багштай ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн баг, гуравдугаар байранд н.Оюунчимэг багштай ШУТИС-ийн Барилга архитектурын сургуулийн баг шалгарлаа.
Харин хувийн амжилтаар нэгдүгээр байранд ХААИС-ийн Инженер механикын III курсын оюутан Б.Баярмаа, хоёрдугаар байранд Тээврийн дээд сургуулийн оюутан Содномжамц, гуравдугаар байрыг ХААИС-ийн Инженер багшийн II курсын оюутан Э.Оюун-эрдэнэ нар тус тус эзэллээ.