ХААИС-ийн багш, эрдэмтэд био нүүрс үйлдвэрлэж, “Оюутолгой” ХХК-д 10 тонныг нийлүүлжээ. Био нүүрс нь дэлхийн дулаарлыг багасгахад чухал нөлөөтэй төдийгүй, ач холбогдлоороо нар, салхины эрчим хүчний дараа гуравдугаарт ордог “дэлхийг аврах технологи” гэнэ. Тус сургуулийн Инженер технологийн сургуулийн Профессорын багийн ахлагч Б.Мөнхбаттай энэ талаар ярилцлаа.
-Хэдий хугацааны судалгааны үр дүнд ямар технологи ашиглан био нүүрс үйлдвэрлэсэн бэ?
-Судалгааны ажил 2008 онд эхэлсэн. Био нүүрс гарган авах олон арга бий. Судалгаагаа эхлээд техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэхэд чиглүүлсэн. Ингээд хэн ч ажиллуулж болох, өндөр техник, технологи, тоног төхөөрөмж, ур чадвар шаардахгүй, энгийн хийцтэй, ашиглахад хялбар зуух бүтээхээр зорьсон. Олон зуухны хийцийг судлан, доороосоо агаар татаж, дээрээсээ шатдаг зуух бүтээж, шинэ бүтээлийн патент авсан юм. Дараа нь зуух болон аргал, хомоол, хоргол, хар мод, нарс, хусны хаягдал, үртэс гэх мэт био нүүрсний түүхий эдэнд технологийн горим тодорхойлох шаардлагатай болсон. Мөн Монголд байгаа түүхий эдээс яаж био нүүрс гаргаж авах вэ гэдгийг судаллаа. Энэ явцад зуухны хийцийг өөрчлөх хэрэгтэй болж, анхдагч агаар оруулах нүхний диаметрийг материалын шинж чанараас хамаарч, өөрчилсөн.
Дэлхийн олон эрдэмтэн хамгийн сайн чанарын био нүүрс 500-700 градусын температурт гардаг гэдгийг тогтоосон байдаг. Манай судалгааны үр дүн ч тэгж гарсан. Ийн бид 2013 оноос Монголд био нүүрсний судалгааг хөгжүүлэх нь зүйтэй гэж үзэж, Монголын био нүүрс судлалын төвийг ХААИС-ийн Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны зөвлөлийн бүрэлдэхүүнд байгуулсан. Ингэхдээ Монголд байгаа бүх төрлийн түүхий эдээс био нүүрс гаргаж, бүх үзүүлэлтийг тодорхойлох био банк байгуулахаар зорьсон. Түүнчлэн био нүүрс үйлдвэрлэх мэргэшсэн боловсон хүчин шаардлагатай учраас энэ чиглэлээр Япон, БНСУ-д хоёр докторант сургаж, мөн нэг хүнийг удирдлагадаа ажиллуулж байна. Мөн зургаан магистрантур бэлтгэж байгаа. Бидний дараагийн судалгаа био нүүрс гаргах явцад гарч байгаа дулаан болон тосыг дахин ашиглах юм. Монгол 60 сая гаруй малтай. Говийн болон баруун аймгуудын иргэд аргал, хөрзөнгөө түлшиндээ хэрэглэдэг бол Сэлэнгэ, Булган, Хөвсгөл гэх мэт аймгийнхан аргалаа ашигладаггүй. Мөн ойн цэвэрлэгээнээс гарсан модыг түлээд л өнгөрдөг. Харин био нүүрс үйлдвэрлэвэл байгаль орчинд төдийгүй эдийн засагт ашигтай учраас анх энэ судалгааг эхлүүлсэн. Малчид мах, сүү, ноос, ноолуур, арьс ширнээс гадна малынхаа аргал, хомоолоор бүтээгдэхүүн үйлдвэрлэж, орлого олох боломжтой.
-Энэ нүүрсийг юунд ашигладаг вэ?
-Дэлхийн био нүүрсний санаачилга байгууллагын ерөнхийлөгч “Дэлхийн дулаарлыг зогсоох ганц арга зам бол био нүүрс их хэмжээгээр үйлдвэрлэх” гэж хэлсэн. Био нүүрс судлаачдын үзэж байгаагаар аргалаас ялгарч байгаа хий нүдэнд харагдахгүй ч задрах явц нь 5-6 жил үргэлжилдэг. Тэр задралын үр дүнд агаарт азотын давхар исэл, метан гэх мэт хортой бодис ялгардаг. Нөгөө талаар аргалыг түлснээр утаа үүснэ. Харин био нүүрс болгон хатуу хэлбэрт оруулбал хоёр талын ач холбогдолтой. Нэгдүгээрт, агаар мандалд хорт бодис дэгдэхгүй. Хоёрдугаарт, био нүүрсийг хөрсөнд булснаар үржил шим нь сайжирч, ургамал ургахад тустай бактер бий болно. Манай судлаачид төмсийг хураахаас сарын өмнө хөрсөнд нь био нүүрс хийж үзэхэд ургац 35 хувиар нэмэгдсэн. Мөн нэг грамм хөрсөнд байх ашигтай бактерийн тоо өснө. Тодруулбал, био нүүрс хийгээгүй байхад нэг грамм хөрсөнд гурван сая ашигтай бактер байсан бол хийснээс нэг сарын дараа 300 сая болж нэмэгдсэн. Хөдөө аж ахуйд болон уул уурхайн салбарт техникийн нөхөн сэргээлтэд ашиглахад тохиромжтой. Хөрсөнд органик болон эрдсийн бордоог жил тутам хийдэг. Харин био нүүрсийг хөрсөнд нэг удаа хийхэд 500-1000 жил хадгалагдана.
Бид инновацийн төслийн уралдаанд оролцон, био нүүрсний бага оврын үйлдвэр байгуулах санхүүжилт авч, сургуулиас дэмжлэг үзүүлсний үр дүнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд өдөрт 500-800 кг био нүүрс үйлдвэрлэх хүчин чадалтай жижиг үйлдвэр байгуулсан. Туршилтын журмаар бүтээгдэх үүнээ гаргаж, “Оюутолгой” ХХК-д нийлүүллээ. Тэд энэ хавар хөрс өндөө хийж үзнэ. Говийн цөлжсөн бүсийн хөрсийг яаж нөхөн сэргээж, сайжруулж байна вэ гэдэг нь тэндээс харагдана. Био нүүрсийг хөрсөнд хийхээс гадна мах шарах, агаар, ус шүүхэд ашигладаг. БНСУ-ын өндөр шүүлт үүртэй тамхинд био нүүрс ашигладаг юм билээ. Бидэнд хүндрэл учруулж байгаа зүйл нь манай хууль, журам. Жишээ нь, би бордооны био нүүрс үйлдвэрлэж, гарааны компани байгуулъя гэхээр эрх зүйн орчин байдаггүй. Инновацийн маш сайн хууль гарсан. Гэтэл хэрэгжүүлэх боломж нь алга. Тухайлбал, инновац гаргаж байгаа хүмүүсийг дэмжих зорилгоор бүтээгдэхүүнийг нь төр худалдан авч, дэмжинэ гээд заачихсан байдаг. Гэтэл энэ нь тендерийн хуультайгаа зөрчилддөг.
-Био нүүрсний түүхий эдэнд мод, аргалаас өөр зүйл ашиглаж болох уу?
-Түүхий эдээр нь бүх төрлийн органик хаягдал болох яс, цаас, мал, амьтан, ургамлын гаралтай зүйлсийг ашиглаж болно. Био нүүрсний гарц түүхий эдээсээ шалтгаалаад 25-30 хувь байдаг. Үйлдвэрлэлийн явцад байгаль орчинд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй, утаа, хорт хий ялгаруулдаггүй.
-Манайд хаягдал ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэр цөөнгүй байна. Гэвч түүхий эд хангалтгүйгээс, тогтмол, урт хугацаанд үйл ажиллагаа явуулах боломж хязгаарлагдмал байдаг. Био нүүрсний үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулах боломж, түүхий эдийн нөөц бий юү?
-Бид био нүүрс гаргаж авах арга технологи, үйлдвэрийг дангаараа эзэмшихийг зориогүй. Тийм боломж ч байхгүй. Харин өрх бүр үйлдвэрлэгч болох боломж байна. Тиймээс олон жилийн хөдөлмөрийн үр дүнд зуух бүтээсэн. Айл бүр ийм зуухтай болж, түүгээрээ хүссэн үедээ био нүүрс үйлдвэрлэж, тэрийг нь биржийн системээр юм уу, ямар нэгэн байдлаар Монголын био нүүрс судлалын төвдөө цуглуулж авдаг болмоор байна. Ингээд ямар шинж чанартай био нүүрс вэ гэдгийг тогтоон, цааш нь нийлүүлдэг болчихвол хэрэгтэй.
-Танайх хэдэн төрлийн нүүрс үйлдвэрлэж байна вэ?
-Малын таван төрлийн түүхий эдээс био нүүрс гаргаж авсан. Мөн Монголд ургадаг бүх төрлийн модны хаягдлаар үйлдвэрлэж үзлээ. Хөрсний бордооны зориулалтаар гаргаж авсан био нүүрснээс хамгийн сайн нь шувууны сангасных байсан.
-Манайд байгаа сайжруулсан түлшний үйлдвэрүүд шаардлагатай хэмжээний түлш үйлдвэрлэж чаддаггүй. Био нүүрсийг түлж болох уу?
-Болно. Гэхдээ үнэтэй, тансаг хэрэглээний түлш болно. Био нүүрсийг шатаахад дулаан ялгаруулдаг атлаа утаа гарахгүй. Улаанбаатарын гэр хороололд 250 мянган айл байна. Өөрөөр хэлбэл, муу усны 250 мянган нүх, жорлон хөрсийг бохирдуулж байгаа гэсэн үг. Харин био нүүрсний хортой бодис шингээх чадварыг нь ашиглаж, хөрсний бохирдлоос хамгаалах боломж бий. Өнгөрсөн жил манай хоёр оюутан хромоор бохирдсон арьс, ширний үйлдвэрийн усыг шүүж туршсан нь амжилттай болсон.
-Яагаад био нүүрс гэж нэрлээд байгаа юм бэ. Ашиглагдаж байгаа байдлыг нь харвал био бордоо, ялзмаг гэвэл илүү тохиромжтой юм шиг санагдлаа.
-Нүүрсний шинж чанарыг агуулдаг, олон улсын нэршил нь био нүүрс. Гарч байгаа бүтээгдэхүүний 96.6-97 хувь нь нүүрстөрөгч учраас ингэж нэрлэдэг.
-Био нүүрс үйлдвэрлэх зуух хэр олныг бүтээсэн бэ. Зуух болон био нүүрсний үнийг тогтоосон уу?
-40 орчим зуух бүтээснээс өөрсд өө 20-иодыг нь ашиглаж байна. Зуухаа хямдхан зарна. Худалдаж авч чадахгүй гэсэн асуудал үүсэхгүй. Био нүүрс хийе гэсэн хэн ч авах боломжтой. Харин био нүүрсний үнийг дэлхий дахинд ч тогтоож чадаагүй. Түүхий эдийн олдоц, шинж чанараас хамаараад үнэ нь харилцан адилгүй байдаг.
-Био нүүрс үйлдвэрлэхэд зөвхөн зуух байхад л болох уу. Өөр тоног төхөөрөмж хэрэгтэй юү?
-Гэрийн нөхцөлд зуух байхад л болно. Мэдээж томоохон хэмжээний үйлдвэрт бол нэмэлт тоног төхөөр өмж шаардлагатай.
-Манайд ийм нүүрсний хэрэгцээ хэр их байдаг вэ?
-Одоохондоо манайд цөөхөн газар буюу архи, ундаа, спирт үйлдвэрлэдэг компаниуд Орос, Хятадаас авч хэрэглэдэг. Цаашид хэдий хэмжээгээр үйлдвэрлэж чадна, төдий хэмжээний хэрэглээ бий болно.
-Био нүүрсээр гал түлэхэд дулаанаа хэр удаан хадгалах вэ?
-Чулуун нүүрстэй ижил хугацаанд дулаанаа хадгална.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ "ӨНӨӨДӨР" СОНИН