“Career Day 2014”өдөрлөг болов
БНЧУ-ын Засгийн Газар, Хөгжил Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн санхүүжилтээр “ХААИС-ийн сургалтын чанарыг сайжруулах нь” төслийн хүрээнд Эдийн засаг, бизнесийн сургуульд “Career Day”өдөрлөг 10-р сарын 15-нд 2 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үйл ажиллагааг ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн захирал Б.Баасансүх, БНЧУ-ын Элчин сайдын яамны зөвлөх Вацлав Добеш нар нээн үг хэлэв. Өдөрлөгт ажил олгогчдын төлөөлөл 35 аж ахуй нэгж байгууллага, 300 орчим төгсөгч оюутан оролцлоо.
Оюутнуудыг хөдөлмөрийн гараагаа эхлэхэд дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, сургах зэргээр хөдөлмөрийн зах зээлтэй холбох үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр олон ажил хийгдэж байгаа боловч оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчин боловсронгуй биш, ажил олгогчдын ойлголт хандлага хангалтгүй, оюутны хөдөлмөр эрхлэлтийн хэрэглээ хязгаарлагдмал байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэх нь чухал асуудал болж байна.
Иймээс дээрх асуудлыг шийдвэрлэхээр оюутнуудыг хөдөлмөрт бэлтгэх, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай болгох, төлөвшүүлэх, ажлын байранд дадлагажих, оюутан, суралцагчдыг хөдөлмөрийн зах зээлийн мэдээ, мэдээллээр хангах, танилцах болон үйлдвэрлэлийн дадлагыг дэмжиж зуучлах, ажил олгогчидтой хамтран ажиллах, хүний нөөцийн бүрдүүлэлтэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаа болсон нь тус өдөрлөгийн үйл ажиллагааны шууд үр дүн байв.
Өдөрлөгийн үеэр ажил олгогчдын төлөөлөл төгсөгчдөд хэрэгцээт мэдээллээр илтгэл тавьж, зөвлөгөө өгч, оюутан залуус сонирхсон асуултаа асууж, нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Энэ үеэр 100 гаруй залуус ажлын байрны захиалга авч, 200 гаруй оюутан сургалт үйлдвэрлэлийн дадлага хийх аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсаны зэрэгцээ оюутан суралцагсдыг ажлын байранд зуучлах, цагийн ажлын тогтолцоог бий болгох зорилго бүхий “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгууллаа.