ХААИС-ийн багш нар “Хүрэлтогоот-2014”-өөс ганзага дүүрэн ирлээ
“Хүрэлтогоот-2014” залуу эрдэмтэдийн эрдэм шинжилгээний бага хурлаас ХААИС-ийн багш, судлаачид ганзага дүүрэн ирлээ.
БШУЯ, ШУА, ШУТС, Монголын залуу эрдэмтэдийн холбооноос 35 хүртэлх насны залуу судлаачдын дунд “Хүрэл тогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ жилийн “Хүрэлтогоот 2014” бага хурлыг 2014 оны 10-р сарын 17-оос 11-р сарын 01-ний өдрүүдэд нийгмийн ухаан, геологи газарзүй, техник технологи, байгалийн ухаан, биологи-хөдөө аж ахуй, анагаах ухаан зэрэг зургаан чиглэлээр зохион амжилттай зохион байгуулсан байна. Уг эрдэм шинжилгээний бага хурлынГазарзүй, геологийн салбар хуралдааны эцсийн шалгаруулалтанд 24 судлаач бүтээлээ хэлэлцүүлсэнээс ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Газрын менежмент, ландшафтны архитектурын тэнхимийн багш И.Мягмаржав "Хустайн хөрс усаар элэгдэх үйл явцын судалгаа, загварчлал" сэдэвт бүтээлээрээ тэргүүн байр, Биологи-Хөдөө аж ахуйн салбарын шилдэг бүтээл шалгаруулах эцсийн хуралдаанд хуралд 19 судлаач бүтээлээ сойсноос Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бэлчээр тэжээллэг, химийн тэнхимийн багш С.Отгонпүрэв “Их шүүдэргэний каллусын эдээс сангвинарин алкалоид гарган авах боломж” бүтээлээрээ тэргүүн байр, Ургамал хамгааллын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Одгэрэл “Буудайн ган тэсвэрлэх чадварыг генүүдийн экспрессээр тодорхойлсон дүн” бүтээлээрээ дэд байрт тус тус шалгарсан байна. Дээрх шилдэг залуу эрдэмтэдийг БШУ-ны сайдын нэрэмжит тус бүр 4 сая төгрөгийн судалгааны грантаар шагнасны зэрэгцээ гарааны компани байгуулах, инновацийн төсөл бичих эрх олгожээ.
Шилдэг бүтээлийн эздээр тодорсон залуу судлаач, багш, эрдэм шинжилгээний ажилтан нартаа баяр хүргэж, цаашдынх нь судалгааны ажилд улам их амжилт хүсье.