БНХАУ-ын Тяньжин хотын Олон улсын боловсрол, соёлын солилцооны төвийн дарга Ли Лиан ий болон тус хотын томоохон дөрвөн сургуулийн төлөөлөгчид өнөөдөр /2014.11.04/ ХААИС-д зочиллоо. Энэ үеэр манай сургууль Тяньжин хотын Олон улсын боловсрол, соёлын солилцооны төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд төлөөлөгчид сургуулиа танилцуулж, цаашид чиглэл тус бүрээр хамтран ажиллахаар ярилцав.
Тяньжины тэргүүлэх их сургуулиуд болох Технологийн их сургууль, Багшийн их сургууль, Олон улсын боловсролын дээд сургууль, Орчин үеийн ажил мэргэжлийн коллеж нь 27-35 мянга гаруй оюутантай, олон жилийн түүхтэй сургуулиуд аж. Технологийн их сургууль л гэхэд 1895 онд байгуулагдсан, 35 мянган оюутантай, бакалаврын 61, магистрийн 69 хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэдэг байна. Мөн химийн шинжлэх ухааны чиглэлээр улсдаа нэгдүгээрт ордог аж. Харин Багшийн их сургууль нь 1958 онд байгуулагдсан 30 мянган оюутантай, 40-өөд орны 2700 гаруй гадаад оюутан суралцдаг гэв.
Дээрх их сургуулиудын төлөөлөгчид тус хотын боловсролын зөвлөл, олон улсын боловсрол, соёлын солилцооны төвөөс хамтран зохион байгуулж байгаа БНХАУ-ын Тяньжин хотын Их, дээд сургуулиудын танилцуулах арга хэмжээний хүрээнд манай улсад зочилсон аж. Энэ үеэрээ МУИС дээр сургуулиудаа танилцуулах өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.