ХААИС-ийн тамирчид
волейболын төрөлд алтан медаль хүртлээ
Оюутны “Универсиад” их наадамд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн волейболын баг тамирчдаа ХААИС-ийн удирдлага өнөөдөр /2015.03.09/ хүлээн авч, баяр хүргэлээ.
Спортын 13 төрлөөр зохиогдож буй тус наадмын Волейболын тэмцээн 3 дугаар сарын 02-07-нд болж, нийт 27 их, дээд сургуулийн 300 гаруй оюутан тамирчид оролцсноос Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн эмэгтэй баг тамирчид алтан медаль, эрэгтэй баг тамирчид мөнгөн медаль хүртэж, багийн дасгалжуулагч С.Амгаабазар Шилдэг дасгалжуулагч, эмэгтэй багийн тамирчин Б. Энхзаяа /ИТС/ Шилдэг тоглогчоор шалгарлаа.
Багийн нийлбэр дүнгээр:
1-р байр ХААИС
2-р байр ШУТИС
3-р байр МУИС тус тус эзэллээ.
Өнгөрсөн хугацаанд ХААИС-ийн волейболын эрэгтэй баг Оюутны аварга шалгаруулах тэмцээн, “Универсиад” Их наадамд нийт 7 удаа тэргүүн байр, 7 удаа дэд байр, 1 удаа гуравдугаар байр эзэлсэн амжилт үзүүлж байжээ. Харин эмэгтэй баг эдгээр тэмцээнүүдээс 1 алт, 3 удаа хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.
Мөн Жудо бөхийн тэмцээний эрэгтэй, эмэгтэй 14 жинд 54 сургуулийн 350 гаруй тамирчин оролцож авхаалж самбаа, хүч чадлаа сорилоо. ХААИС-иас 11 жинд 11 тамирчин оролцсоноос Агроэкологийн сургуулийн оюутан М. Баяртуул 63 кг-ийн жинд хоёрдугаар байр эзэлж мөнгөн медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр 7-р байранд шалгарсан амжилт үзүүллээ.
Багийн дүнгээр:
1-р байр ҮБТДС
2-р байр МУБИС
3-р байр МҮИС /Монголын Үндэсний Их Сургууль/ тус тус эзэлжээ.
Жүдо бөхийн тэмцээнд оролцсон оюутан тамирчдыг Бие, бялдар хүмүүжлийн тэнхимийн багш Я. Алтангэрэл дасгалжуулан оролцсон юм.
Монголын Оюутны Спортын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Универсиад” их наадам 1-р сарын 26-нд эхэлсэн бөгөөд 5-р сарын 9-нийг хүртэл үргэлжлэх юм.