ХАА-н инженер, механикчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

Нийтлэгч : .
Огноо: 2015-03-11 09:24:25

ХАА-н инженер, механикчдийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна

 

ХХААЯ, ХААИС-тай хамтран  хөдөө  аж  ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа инженер, техникийн ажилтнуудад орчин үеийн дэвшилтэт техник технологийн мэдлэг олгох, бататгах, техникийн ашиглалт, бүтээмжийг нэмэгдүүлэх  зорилго  бүхий мэргэжил  дээшлүүлэх давтан сургалтыг энэ  сарын  9-13-ны  өдрүүдэд ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгуулж байна.

Сургалтад  найман аймгийн 54 инженер, техникийн ажилчид хамрагдаж байгаа юм.

Хоёр  дахь  өдрөө  үргэлжилж  буй  уг  сургалтад  ХХААЯ-ны ГТБХЗГ-ын  мэргэжилтэн  Д.Есөн-Эрдэнэ  “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, техникийн бодлогын чиглэл, шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ” сэдвээр   илтгэл  тавьж,  хэлэлцүүллээ.  

Мөн орчин үеийн дэвшилтэт техник, технологи, ашиглалтын онцлог, техникийн бүтээмжийг нэмэгдүүлэх арга зам, засвар үйлчилгээ, оношилгоо болон  хөрсний элэгдэл эвдрэл, хөрс хамгаалал, зэрэг сэдвээр ХААИС-ийн доктор, профессор багш нар хичээлийг удирдан явуулж байна.

  Манай улсын газар тариалангийн салбарт техникийн шинэчлэл хийгдэж байгаа ч томоохон аж ахуй нэгжүүдийг эс тооцвол төдийлөн хангалттай биш. Улиралын чанартай үйлдвэрлэл явуулдаг учир лизингээр авч байгаа техникийн зээлийн эргэн төлөлтийг тодорхой нөхцөлтэйгөөр шийдвэрлэх боломжийн талаар сургалтад оролцогсод ярилцаж байлаа.

Тус сургалтыг Монгол, Германы хамтарсан “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн хүрээнд зохион байгуулж буй юм.