Монголын эх түүхийн 6 ботийг ХААИС-ийн номын санд заллаа

Нийтлэгч : .
Огноо: 2015-03-12 18:21:24

Монголын эх түүхийн 6 ботийг ХААИС-ийн номын санд заллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга,  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монголын эх түүхийн 6 боть номыг их дээд сургуулиуд, коллеж, нийслэлийн номын сангуудад түгээх ёслол өнөөдөр /2015.03.12/ Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болов.

Ёслолыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд хэлэхдээ “Өнгөрсөн оны сүүлээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачилж Монголын эх түүхийн 6 боть бүтээлийг үндэсний монгол бичгээс кирил үсэг рүү буулгаж иж бүрнээр нь хэвлүүлсэн. Энэ 2015 оны нэг, хоёрдугаар сард уг бүтээлийг орон нутгийн төр, захиргааны байгууллага, номын сангуудад түгээж гардуулав. Өнөөдөр энэхүү 6 боть бүтээлийг их, дээд сургууль, коллеж, сургалтын байгууллагууд, нийслэлийн номын сангуудад түгээн өгөх ёслолын арга хэмжээ болж байна” гэлээ.

Үүний дараа уг 6 боть цуврал номыг бүтээсэн доктор О.Батсайхан, доктор З.Лонжид нар бүтээлийнхээ талаар товч танилцуулга хийсэн юм. Нийслэлийн дээд боловсролын байгууллага, коллеж, номын сан зэрэг нийт 80 байгууллагын төлөөлөл Монголын эх түүхийн 6 боть номыг гардан авлаа.

Дээрх эх түүхийн 6 ботийг ХААИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулга Төв номын сангийн эрхлэгч Ж.Төмөртогоод гардуулан өглөө. Өнгөрсөн хугацаанд хэвлэгдэн гарсан түүхэн эх сурвалжуудыг ямар ч засваргүйгээр нэгтгэн хэвлэсэн нь оюутан судлаач, сонирхогчдод түүхээ танин мэдэхэд чухал ач тустай бүтээл болжээ.

Мөн ХААИС-ийн Экосистемийн судалгааны төв, Япон улсын Тотторигийн их сургуулийн Хуурай бүс судлалын төвийн эрдэмтэдийн хамтран бүтээсэн “Монгол орны малын бэлчээрийн гуурст ургамал” ном ХААИС-ийн номын сангийн сан хөмрөгийг баяжууллаа. Манай улс бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн олон зууны арвин туршлагатай. “Тиймээс бэлчээрийн ургамлын талаар өргөн мэдлэг туршлага хуримтлуулсан байх нь тогтвортой ашиглах, сэргээхэд чухал ач холбогдолтой тул энэхүү бүтээл нь монгол орны эмзэг, өвөрмөц байгалийн баялаг болох бэлчээрийн ургамлын талаарх мэдлэгийн эх сурвалж болно” хэмээн профессор Г.Гантулга номын өмнөтгөлд тэмдэглэсэн байна.

 Тус номд ургамал тус бүрийн ургамалзүйн шинж, цэцэглэх, үрлэх хугацаа, ургах орчин, тархац, хэрэглээ зэргийг монгол, англи хэл дээр тодорхой бичсэний зэрэгцээ зургийг нь өнгөтөөр хэвлэжээ.