МИДСК, ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулав
Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын их, дээд сургуулиудын консорциум хооронд хамтран ажиллах гэрээг 3 дугаар сарын 5-ны өдөр байгууллаа.
Гэрээнд Шинжлэх ухааны Академийг төлөөлж академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, Монголын Их, дээд сургуулиудын консорциумыг төлөөлж ерөнхийлөгч, доктор Т.Хэрүүга нар гарын үсэг зурав. Гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд ШУА болон их, дээд сургуулиудын удирдлагууд оролцсон юм.
Гэрээний зорилго нь ШУА ба их, дээд сургуулиудын профессор, эрдэмтэн судлаачдын оюуны нөөц, материаллаг баазад түшиглэн улс орны эдийн засаг, нийгмийн нарийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх, өндөр түвшний судалгааг хамтран хэрэгжүүлэхэд оршиж байгаа аж.
Хоёр талын зүгээс тус тусын харьяа хүрээлэн, төвийн лабораториуд болон бусад судалгааны баазад магистрант, докторант, эрдэмтдийг харилцан ажиллуулах, олон улс, бүс нутгийн болон хоёр талын хамтарсан төсөл, экспедиц, эрдэм шинжилгээний хурал болон бусад арга хэмжээнд эрдэмтэн, судлаачид, багш оюутнуудын төлөөллийг оруулж, дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Гэрээ 4 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.