ХААИС “Говь хурах” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа
ХААИС ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Говь хурах” ХХК-тай, бүрэлдэхүүн сургууль бүр охин компани болох “Баян симментал” ХХК-тай хамтран ажиллах гэрээг /2015.03.23/ үзэглэлээ. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны гол зорилго нь компанийн зүгээс ХААИС-ийн оюутнуудыг дадлага, чадвар эзэмшүүлэх бааз сууриар хангах, дэмжиж ажиллах бол сургуулийн талаас шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөмж, заавраар чиглүүлж ажиллахад оршиж байгаа юм.
“Говь хурах” ХХК нь өнгөрсөн онд шинээр байгуулагдсан, Төв аймгийн Баян суманд бэлчээрийн болон үйлдвэрлэлийн чиглэлээр 2600 гаруй мал аж ахуйг дөрвөн улиралын турш эрхлэх боломжтой компани юм. Цаашид үйл ажиллагаагаа өргөтгөн мах, сүүний чиглэлийн үйлдвэрлэл явуулахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, өнгөрсөн онд Словак улсаас 160 толгой сүүний чиглэлийн симментал үүлдэрийн үнээ оруулж ирсэн бол энэ онд Япон улсаас махны чиглэлийн вагю үүлдэрийн үхрийн хөврөл оруулж ирэхээр төлөвлөөд байгаа аж. Сүүлийн үеийн шинэ технологиор үйлдвэрлэл эрхлэхэд мэдлэг, чадвартай боловсон хүчин шаардлагатай байгаа тул ХААИС-тай хамтран ажиллах болсоноо энэ үеэр дуулгасан юм.
Тиймээс ХААИС-ийн таван бүрэлдэхүүн сургуулийн бэлтгэн гаргадаг мэргэжлийн чиглэл бүрт тохирсон гэрээг 2020 он хүртэл буюу 5 жилийн хугацаатай байгууллаа.