Хууль сахиулахын их сургуулийн удирдлага манай сургуульд зочиллоо
Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав, Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, Соёл хүмүүжил, олон нийтийн хэлтсийн дарга, цагдаагийн дэслэгч Т.Оюунхишиг нар өнөөдөр /2015.04.10/ ХААИС-д зочиллоо.
Хууль сахиулахын их сургууль нь 80 жилийн түүхтэй бөгөөд 3 жилийн өмнөөс шинэчилсэн бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байгаа аж. Өнгөрсөн хугацаанд дотоод, гадаадад төдийлөн нээлттэй биш ажиллаж ирсэн нь эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, цахим, нээлттэй сургууль болох чиглэлээр бусад сургуулиудаас хоцрох хандлагатай байгаа тул улсынхаа тэргүүлэх 3 сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тэднээс загвар чиглэл авч хөгжих зорилготой байгаагаа дуулгалаа. Тиймээс ХААИС-ийн гадаад харилцаа, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг туршлага, хөтөлбөрийн шинэчлэл, багш судлаачдынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажилтай танилцаж, сургуулийнхаа үйл ажиллагаанд нэвтрүүлэх, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжлав. Тус сургууль шинэ бүтцээр ажиллаж эхлээд удаагүй ч хичээлийн болон оюутны байр, дадлагын нэгдсэн төвтэй болохоор бүтээн байгуулалтын томоохон ажил хийгдэж байгаа аж.
ХААИС-ийн удирдлагуудын зүгээс сургуулийнхаа зорилго, зорилт сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон ажлуудаа танилцуулж, цаашид бүхий л талаар хамтран ажиллахад таатай байгаагаа дуулгалаа.