Мал эмнэлгийн сургуулийн 69 дэх удаагийн Эрдмийн баяр боллоо

Нийтлэгч : .
Огноо: 2015-04-16 18:36:32

Мал эмнэлгийн сургуулийн 69 дэх удаагийн Эрдмийн баяр боллоо

ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн 69 дэх удаагийн Эрдмийн баяр өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд /2015.04.16/ боллоо. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, түүгээр дамжуулан хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд онцгой үүрэгтэй оролцдог малын эмч нарыг бэлтгэдэг сургууль Монгол улсад ганцхан байдаг нь ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль билээ. Энэ жил малын эмч мэргэжлээр 130 оюутан тус сургуулийг төгсөж, эрдэмтэн багш нараасаа дипломоо гардан авлаа.

Мөн төгсөгч Т.Алтанзул шилдэг сурлагатан, Н.Гүнгэрэгбат шилдэг судлаач, Б.Хишигжаргал шилдэг тамирчин, Г.Одбаяр шилдэг урлагийн авьяастан, Ц.Цэрэндулам шилдэг зохион байгуулагч оюутнаар тус тус шалгарч өргөмжлөл, МДМЗС-д элсэн суралцах эрхийн бичгээр шагнуулав.  

Төгсөгчид эрдмийн баяраараа төрөлх сургуулиа орчин үеийн шаардлага хангасан эрдмийн өргөө болгохоор санаачлага өрнүүлж, холбогдох мэргэжлийн байгууллага болон үе үеийн малын эмч, мэргэжилтнүүд, малчид, энэ салбарт ажиллаж хөдөлмөрлөдөг хүн бүхэнд хандан уриалга гаргасанаа дуулгалаа. Учир нь тус сургуулийн барилга 1957 онд ашиглалтад орсон учир сурч, ажиллах таатай нөхцөлийг хангахгүй болсоны зэрэгцээ өрөө тасалгааны хүрэлцээ хангамж муу, клиник сургалтын дадлага хийх тасалгаа дутагдалтай байгаа юм. Сургуулийн удирдлага 2013 онд өргөтгөлийн барилга барих зураг төслийг Швейцарийн хөгжлийн агентлагийн хөрөнгөөр хийлгүүлэн төр засгаас санхүүжилт хүсч, 2 жил дараалан санал тавьсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Тиймээс төгсөгчид дээрх уриалгыг гаргажээ.