Г.Гантулга: ХААИС-ийг “Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургууль”-иар өргөмжилсөн нь их итгэл хүлээлгэсэн хэрэг

Нийтлэгч : .
Огноо: 2015-01-15 02:31:14

Г.Гантулга: ХААИС-ийг Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургууль-иар өргөмжилсөн нь их итгэл хүлээлгэсэн хэрэг

Эрдэмтэдийн судалгааны ажлын үр дүн хүмүүсийн амьдралд хэр хүрч очдог вэ. Үйлдвэрлэл болж улс орны хөгжилд түлхэц болохгүй юмаа гэхэд аливааг хөнгөвчлөх арга, технологи, жор норм нь хүмүүст хүрч, хэрэглээнд нэвтэрч чадаж байна уу. Цаашилбал, Төрөөс тусгай бодлоготойгоор захиалгаар хэрэгжүүлдэг судалгааны төслийн үр дүн хаана хүрч ямар бэрхшээлтэй нүүр тулаад зогсдог вэ... Хүний нөөц, лабораторийн орчин нь дэлхийн жишигийн хаана нь явна. Энэ мэт эхлэл төгсгөлгүй олон асуулт шинжлэх ухааны салбарт бий.

Судлаачдынх нь бүтээл хамгийн их үйлдвэрлэлд нэвтэрэх боломжтой салбар бол Хөдөө аж ахуй.Тиймээс дээрх асуултад хариулт авч, ХААИС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа хөгжлийн чиглэлээр баримталж байгаа бодлогыг сонирхохоор тус их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, профессор Г.Гантулгатай ярилцлаа.

- Судалгааны үр дүн цаасан дээр үлдэхээргүй болох нь гэх нааштай мэдээ яригдаж байна. Судлаачдын судалгааны үр дүн хөрсөн дээр буух эрх зүйн хийгээд бусад хүчин зүйл манай улсад хэр бүрдсэн бол. ХАА-н салбар шинжлэх ухаанд ийм боломж хэр байна вэ?

- Мэдлэгийг баялаг болгох гол суурь болсон Инновацийн тухай хууль 2012 онд батлагдсан. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд дагалдах 20 гаруй журам боловсруулагдах шаардлагабайгаа. Эдгээрээс судлаачдын хувьд хамгийн их хүлээлт үүсгэсэн нь эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах тухай журам байлаа. Уг журам өнгөрсөн оны 11 дүгээр сарын сүүлээр батлагдсан. Ингэснээр судлаачдын судалгааны үр дүн баялаг болж, хэрэглээнд нэвтрэх эрх зүйн орчин бүрдэж байна гэж хэлж болно.

Нөгөө талаар манай судлаачдад зах зээлийн нийгэмд судалгааныхаа үр дүнг шууд үйлдвэрлэл,бизнес болгоод аваад явах туршлага бага байдаг нь гол хүндрэл болж байна. Тиймээс судалгааны үр дүнг хөрсөн дээр буулгаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд зуучилдаг байгууллага байх хэрэгцээ байсан.Энэхүү хэрэгцээг үндэслэн ХААИС-ийн Шинжлэх ухааны зөвлөлийн дэргэд судлаачдын бий болгосон туршилт, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэгийг баялаг болгох зорилготой ХАА-н Экстейншний төвийг 2005 онд Канад Улсын олон улсын хамтын ажиллагааны агентлагийн дэмжлэгтэйгээр байгуулсан юм.Уг төв өнөөдрийг хүртэл судлаачдын туршилт, судалгааны үр дүнг хэрэглэгчдэд хүргэх, сайн туршлагыг түгээх чиглэлээр багагүй ажлыг хэрэгжүүлсэн хэдий ч санаанд хүртэл үр дүнтэй ажиллаж хараахан чадахгүй байгаа.Ер нь бизнес сэтгэлгээтэй, зах зээлийн нөхцөлд мэдлэгийг баялаг болгох чиглэлээр тодорхой туршлагатай, мэргэжлийн баг байж л судалгааны үр дүн үйлдвэрлэлд нэвтэрнэ. Түүнээс эрдэмтэд өнөөгийн нийгэмдсудалгаагаа ч хийдэг, үр дүнгээ ч үйлдвэрлэлд нэвтрүүлж амжилтандхүрнэ гэдэг хүндрэлтэй. Гэхдээ зарим эрдэмтэд ийм эхлэлийг тавьж байна. Цаашид судлаачид маань мэдлэгээ баялаг болгох арга ухаанд суралцах, эсвэл энэ чиглэлийн хүмүүстэй хамтран ажиллах шаардлага бий.

Өмнөх нийгэмд төрийн бодлого, дэмжлэгтэйгээрманай судлаачдын судалгааны үр дүн шууд үйлдвэрлэлд нэвтэрч үр ашгаа өгдөг байсан. Энэ байдал зах зээлийн нийгэмд шилжсэн үеэс эхлээд тодорхой хүндрэл бэрхшээлүүдийг даван туулж, өнөөдрийг хүрч байна. Гэхдээ манай хөдөө аж ахуйн салбарын хувьд голчлон хэрэглээнд тулгуурласан судалгаа хэрэгжүүлдэгээрээ онцлогтой.Тухайлбал,дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөөг бууруулахтай  холбоотойгоорганд тэсвэртэй, богино болцтой тарималуудын сортыг сорьж турших, нутагшуулах, шинэ сорт бүтээх, хөрсний үржил шимийг хамгаалах технологи боловсруулж нэвтрүүлэх,малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац нэмэгдэж, малын бэлчээр, тэжээлийн нөөц ховордож байгаатай холбогдуулан нэг малаас авах шимийг нэмэгдүүлж, өндөр ашиг шимтэй мал бий болгох, үржүүлэх. Мөн орчин үеийн биотехнологи, нанотехнологийн ололтыг малын генетик, үржил селекцийн ажилд ашиглах, бэлчээрийн зохистой ашиглалт, тэжээлийн ургамлын сорт бий болгох тарималжуулах гэх мэт ХАА-н салбарын өмнө тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд чиглэгдсэнсалбарын хөгжлийнцаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн олонтуршилт, судалгаа, хөгжлийн ажил хийгдэж байгаа.

Мөн мал эмнэлэгийн салбар шинжлэх ухааны судалгааны түвшин харьцангуй бэхэжсэн, гадаадын өндөр хөгжилтэй орны жишигт хүрсэн гэж хэлж болно. Мал эмнэлгийнхүрээлэнгийн судлаачид л гэхэд жилд дунджаар малын төрөл бүрийн өвчнийг оношлох оношлуур, эмчлэх эм, биобэлдмэлийн 10 орчим технологи бий болгож байна.

-ХАА-н салбарт одоогоор хэчнээн судалгааны төсөл хэрэгжиж байна.Захиалгат төслийн үр дүн үйлдвэрлэлд нэвтэрч чаддаг уу?

-Манай салбарт хэрэгжүүлж буй судалгааны төслийнүндсэн захиалагч нь Хүнс, хөдөө аж ахуйн яам. Жилдойролцоогоор60 орчим Шинжлэх ухаан технологи, инноваци, цөм технологийн болон онолын суурь судалгааны гэх мэт төсөл хэрэгжиж байна. Сүүлийн жилүүдэд инновацийн төслийг төрөөс бодлогоор дэмжиж байгаатай уялдан салбарын онцлогоос хамааран мэдлэгийг баялаг болгоход чиглэгдсэн эдгээртөслийн тоо, санхүүжилт нэмэгдэх хандлагатай байгаа.

Үүний зэрэгцээ дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй асуудлууд болох байгалийн нөөцийг зохистой ашиглах, хүрээлэн буй орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хүн амын хүнсний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахзэрэг асуудлыг хамтын хүч, оюунаар оновчтой, цаг алдалгүй шийдвэрлэх зорилготойгадаадын болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн тоо, хамрах хүрээ эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар манай салбарын судлаачид олон улсын хамтарсан судалгааны 30 орчим төсөл хэрэгжүүлж байна.Монгол орны хувьдхөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлнь бүхэлдээ байгаль, хүрээлэн байгаа орчноосшууд хамааралтай. Байгаль дэлхийн болон биологийн нөөцтэй маш ухаалаг харьцахыг шаарддаг.Тиймээс энэ эмзэг байдлыг хохирол багатайгаар хэрхэн даван туулах, салбарын тогтвортой хөгжлийг хангахчиглэлээр бид гадаадын судлаачидтай илүү үр дүнтэй хамтран ажиллах шаардлагатай болж байгаа юм.Тогтвортой хөгжил гэдгийг зарим хүмүүс хөгжлийн үзүүлэлтүүдийн өсөлт гэж ташаа ойлгодог. Энэ бол өнөөдрийн үйлдвэрлэл, хэрэглээгээ хангахын тулд ирээдүйнхээ нөөцийг шавхахгүйгээр ухаалаг, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахыг хэлдэг.

ХАА-н салбарын судлаачдын судалгааны үр дүн хэр хөрсөн дээр буудаг вэ гэхээр өмнөх нийгмийн үед буюу 1990 оноос өмнө манай судлаачдын судалгааны ажлынүр дүнгийн 70-аас дээш хувь нь үйлдвэрлэлд нэвтэрдэг байсан. Одоо энэ үзүүлэлт эрс буурч 30 орчим хувь нь хэрэглээнд нэвтэрч үр дүнгээ өгч байгаа. Гэхдээ энэ нь бусад салбартай харьцуулахад багагүй үзүүлэлт боловч мэдээж чамлалттай тоо.

Захиалгат төслийг хэрэгцээтэй гэж захиалсан бол үйлдвэрлэлд нэвтрүүлж, хэрэглээ болгон, үр ашгийг нь хүртдэг байх хэрэгтэй юм. Энэ асуудал санхүүжилт, хөрөнгө мөнгөнөөс хамааралтай ч инновацийн дэд бүтэц зах зээлийн өнөөгийн нийгэмд хараахан төлөвшиж амжаагүйтэйхолбоотой байж болох юм.Тухайлбал ямар ч аргаар хамаагүй ургац л авч байвал болно гэсэн сэтгэхүйгээр хандаж байна. Нөгөө талаарбид үр хойчдоо эх орныхоо хөрсний үржил шимийг хэдэн зууны дараа ч хүртэх хувь заяаг нь хязгаарлаж болохгүй.Байгалийн асар их нөөцөө өнөөдөр бид ухаалгаар ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагаагаар зохистой ашиглах ёстой. Хураасан тонн тутамд нь биш ашигласан технологид нь урамшуулал олгодог байвал ирээдүйгээ харсан зөв бодлого байх болно. Ийм бодлого хэрэгжүүлж амжилтанд хүрч байгаа туршлага бидэнтэй зах зээлийн тогтолцоонд нэг гараанаас гарсан хөрш Казахстан зэрэг оронд байна. Энэ мэт манай орны хөдөө аж ахуйн салбарт ухаалаг, шинжлэх ухаанч шийдэл маш ихээр үгүйлэгддэг. Дээрх асуудлыг шийдэх мэдлэг, оюуны чадамж манай салбарын судлаачдад хангалттай бий. Харамсалтай нь салбарын бодлого тодорхойлогчид эдгээр болон бусад асуудлыг ойшоох, санах, сэдэх чадамж, чин хүсэл зориг дутуу байна уу гэсэн бодол төрдөг.

-Хүрээлэнгүүдийг салбарыг нь харгалзан их сургуульд нэгтгэх тухай Ерөнхий сайдын үг эрдэмтэдийг ихээхэн бухимдуулаад байна.  Энэ асуудалд Та ямар байр сууринаас хандаж байна вэ?

-Эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих, хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх асуудлаархи Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үгтэй холбоотой янз бүрийн хэлэлцүүлэг, мэтгэлцээн болж байна. Зах зээлийн нийгэмд олон ургальч үзлийн уралдаан байх нь зүйн хэрэг. Манай салбарын хувьд Засгийн газрын 1997 оны 31-р тогтоолоор ХАА-н толгойлох эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд ХААИС-ийн харьяанд нэгдсэн бодлого үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаа. Салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үндсэн үйл ажиллагааг ХАА-н Шинжлэх ухааны академи, ХААИСшинжлэх ухаан, инновацийн бодлого, үйл ажиллагааны менежментээр хангаж ажиллаж ирсэн. Хүрээлэнгүүд нь ХААИС-ийн захиралтай менежерийн үр дүнгийн гэрээ байгуулж өдөр тутмын бие даасан үйл ажиллагаа явуулдаг. Ерөнхий сайдын хэлсэн энэ санал 1997 оноос манай их сургууль дээр хэрэгжээд явж байна гэж ойлгож болно. Миний хувьд тийм ч алдаатай зүйл биш гэж бодож байна. Манай орон жижигхэн улс. Улс орны нийгэм, эдийн засгийн тулгуур салбарын хөгжлийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй ухаалгаар, алсын хараатай шийдвэрлэхэд бидэнд салбар, салбарын судлаачдын бүтээлч хамтын ажиллагаа юу юунаас чухал. Хөдөө аж ахуйн дээд боловсрол, шинжлэх ухааны байгууллагуудын хувьдойролцоо чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хэрнээ нэг зүйлийг өөр өөрийн өнцөгөөс харж, тайлбарлах нь үр дүнгүй юм.  Нийлээд, хамтараад  яривал холыг харсан, зөв шийдвэр гарч, илүү үр дүнд хүрэх боломжтой. Тэгээд ч өнөөдөр дэлхийн асуудлыг нэг лаборатори, нэг эрдэмтэн, сургууль хүрээлэн тус тусдаа шийдэж чадахгүй. Олон шинжлэх ухааны уулзвар дээрээс хэд хэдэн их сургууль, хүрээлэн тэр байтугай бүс нутаг, олон орны хэмжээнд ярилцаж, их хүчээр хамтран ажиллаж шийдвэрлэж байна. Тэгэхээр үүнийг оновчтой шийдэл гэж үзэж байгаа.

- ХААИС-ийн бэлтгэн гаргаж байгаа мэргэжилтнүүдээс ХАА-н салбарын ирээдүй яах аргагүй хамааралтай. Чадварлаг, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн  мэргэжилтэн бэлтгэхийн тулд ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?

-Чадварлаг хүний нөөц нийгмийн хөгжлийн тулгуур юм. Ялангуяа ХАА-н салбарын хөгжлийг тодорхойлоход онцгой ач холбогдолтой. Бид дээд боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх алхмуудаа тодорхойлохын өмнөгишгэсэнээ эргэж харахшаардлага зайлшгүй гарсан.Бакалаврын хөтөлбөрийн хувьд маш их тэлэлт бий болсон байсан. Тухайлбал 50 гаруй мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч ахисан түвшин буюу магистрт 32, докторт 20 гаруй хөтөлбөрөөр суралцагсадыг мэргэшүүлж байлаа. Үүнийг бид дэлхийн жишигт нийцүүлж, бакалаврын түвшинд ерөнхий чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр хөтөлбөрийн шинэчлэл хийсэн. Тухайлбал, малын эмч, агрономч, мал зүйч гэх мэт суурь чиглэлээр бакалаврыг бэлтгэх, харин ахисан түвшинд үйлчлүүлэгчдэд нарийн мэргэших боломж олгох үүднээс магистр, докторын хөтөлбөрийн тоог нэмэгдүүлсэн. Энэ мэт үйл ажиллагаандаа бодитой дүгнэлт хийсний үндсэн дээр хамт олны санал, бодолд тулгуурлан чанарын шинэчлэлийг хэрэгжүүлж ажиллаа. Шинэчлэлийн бодлогын хүрээнд цаашид хэрэгжүүлэх зорилго, зорилтуудаа тодорхойлж түүнд хүрэх оновчтой бүтцийг боловсруулж батлуулан хэрэгжүүлж ажиллаж байна. Мөн сургалтын болон эрдэм шинжилгээ, инноваци, бизнесийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг шинэчилж, багш, судлаач, оюутны бүтээлчээр сэтгэх, академик эрх чөлөөг хангах нөхцлийг тодорхой түвшинд бүрдүүлээд байна.

БШУЯ-наас баталсан сургалтын хөтөлбөрт тавигдах ерөнхий шаардлагын дагуу хөтөлбөрийг шинэчилэн боловсруулсан. Мэдээж сайн мэргэжилтэн бэлтгэхийн тулд хүний нөөцөө чадваржуулах хэрэгтэй. Нөгөө талаар сургалтын орчныг шинэчилэх, үйлдвэрлэлд ажиллах, дадлагын хувийн жинг нэмэгдүүлэх шаардлагатай. Хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ бид манай төгсөгчдөөс ажил олгогч нар ямар мэдлэг, ур чадвар, дадал, чадамж эзэмшсэн шинжүүдийг шаардаж байна вэ гэдгээс эхэлсэн. Хөтөлбөр хэдий чинээ сайн байна. Бид төдийчинээ чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэнэ гэсэн үг. Ер нь багш заадаг, оюутан сонсдог биш аль аль нь бүтээлч, хариуцлагатай, чиглэл зорилготой байх хандлагыг бий болгохыг зорьж байна. Тиймээс манай сургуулийг төгсөгчид надад ийм диплом байна. Намайг ажилд аваач гэж нэг компаниас гуйх биш өөрсдөө хоршиж, хамтраад үйлдвэрлэл байгуулж, баялаг бүтээдэг, өөрөө өөртөө ажлын байр бий болгодог ийм л чадвартай мэргэжилтэн бэлтгэхийг зорьж байна. Мөн үүний зэрэгцээ бакалаврын зарим мэргэжлийн хөтөлбөрийг гадаадын их сургуулийн ижил төрлийн хөтөлбөрийн төвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй Малын эрүүл мэнд” төслийн “Мал эмнэлгийн боловсрол” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд мал эмнэл зүйн бакалаврын хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг Английн Лондонгийн их сургуулийн Хатан хааны мал эмнэлгийн сургуультай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байна. Ингэснээр манай мал эмнэл зүйн хөтөлбөр олон улсын түвшинд хүрэх боломж бий болж байгаа юм.

Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болох зорилтын хүрээнд бодитой ямар ажил хийв?

-Сургалт голлосон их сургуулиас судалгааны  их сургууль болох зорилго дэвшүүлж, 2014 онд туршилт, судалгааны орчныг шинэчлэх, багш судлаачдыг чадавхижуулах зорилт дэвшүүлж, ажиллан багагүй амжилтанд хүрлээ. Үүнийг ч салбарын яам Монголын оюутны холбоо үнэлж манай их сургуулийг Эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг их сургууль-иар өргөмжилсөн. Энэ нь БШУЯ бидэнд том итгэл хүлээлгэж байгаа хэрэг.

Сургалт, судалгааны орчныг бэхжүүлэх чиглэлээрсургууль дотоод, гадаад түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Биохими, Биотехнологи, Бүтээгдэхүүний хяналт үнэлгээ, чанарын баталгаажуулалт, Машин судлал, трибологийн чиглэлээр орчин үеийн судалгааны 5 иж бүрэн лабораторийг байгуулж ашиглалтанд оруулаад байна.

Мөн Япон Улсын ЖАЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Малын эрүүл мэнд, Мал аж ахуй, мал эмнэлгийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр нийтдээ 4.8 сая долларын санхүүжилт бүхий хамтарсан 2 төслийн амжилттай эхлүүллээ.

Судлаачдын маань туршилт, судалгааны ажлын үр дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн импакт фактор бүхий эрдмийн бүтээлүүдэд тоогдож хэдэн арваараа нийтлэгдэн дэлхийн мэдлэгийн зах зээлийн эргэлтэнд орох боломж бүрдлээ. Багш судлаачдын оюуны бүтээл бизнесийн эргэлтэнд орох, гарааны компани байгуулагдах сайн эхлэл тавигдсан. Тухайлбал, профессорын багийн ахлагч Б.Мөнхбат Сэлэнгэ аймгийн Зүүнхараад Бионүүрсний үйлдвэр байгуулж, үйлдвэрлэлийнхээ анхны бүтээгдэхүүн болох 10 тонн бионүүрсийг Оюутолгой компанид нийлүүлээд байна.

Багш, судлаачдын академик эрх чөлөө өргөжиж, 19 профессорын баг байгуулагдан, тэдний оролцоо санаачилгаар хэрэгжүүлж буй төсөл, судалгааны ажлын тоо, чанар өмнөх жилүүдийнхээс эрс  нэмэгдэж, одоогоор Шинжлэх ухаан, технологийн сангийн санхүүжилтээр 11 судалгааны төсөл хэрэгжүүлж байна.  Энэ нь манай салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн төвшинд хүрсэн буюу давсан үзүүлэлт боллоо.

Ахисан төвшинд суралцагсадын тоо, эзлэх хувь жилээс жилд өсөж, 2013 онтой харьцуулахад  10 хувь өсөж өнөөдөр нийт суралцагсадын 25 хувьд хүрсэн гэх мэт үр дүнг товчлон хэлж болох юм.

- Хүний нөөц, лабораторын орчин нь дэлхийн жишигийн хаана нь явна. ХАА-н салбарын эрдэмтэд дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллаж чадаж байна уу?

Манай салбарын судлаачдын хувьд мэдлэг, оюун, авьяас чадвараараа бусад орны судлаачдаас хол дутахааргүй төвшинд хүрсэн гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг оролцуулахгүйгээр зөвхөн бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд 90 орчим залуу багш, судлаачид өндөр хөгжилтэй орны их, дээд сургуульд ахисан төвшинд суралцдаг. Жилд ойролцоогоор 10-15 багш сургуульдаа буцан ирж, сургалт, судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийж байна. Дээр дурдсан судалгааны орчныг шинэчлэх ажилд олзуурхууштай ахиц гарсан. Зөвхөн өнгөрсөн 2014 онд манай сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудын хэмжээнд судалгааны орчин үеийн 5 иж бүрэн лабораторийг байгуулж, ашиглалтанд орууллаа. Манай харьяа хүрээлэнгүүдийн хувьд мөн тооны туршилт, судалгааны лабораторийг шинээр байгуулж ажиллаа.

Үүнээс гадна ХАА-н салбарын судлаачид байгалийн нөөцийн үнэлгээ, ашиглалт, бэлчээрийн мониторинг, менежмент, малын эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой, ногоон хөгжил зэрэг чиглэлээр гадаадын өндөр хөгжилтэй орны судлаачидтай хамтран олон арван судалгааны төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа нь дэлхийн эрдэмтэдтэй мөр зэрэгцэн ажиллах түвшинд хүрсэнийг харуулж байгаа юм.

-Таны ярианаас Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн зөв хандлага, чиглэлийг тодорхойлоход салбарын судлаачид маш их ашиг тустай, үнэ цэнэтэй судалгааны ажил гүйцэтгэжээ гэж ойлгогдож байна. Тэгвэл салбарын бодлого, шийдвэрт эрдэмтэдийн санал, дүгнэлтийг хэр тусгадаг вэ. Эрдэмтэдийн дуу хоолой төрийн бодлогод хүрч байна уу?

Манай салбарын судлаачид Монгол орны нийгэм, эдийн засгийн чухал салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн бодлого,үндэслэлийг тодорхойлогчид, хөгжлийн стратеги, чиг хандлагыг тогтоочид байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Харамсалтай нь Монгол орон зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс энэ байдал олон хүчин зүйлээс шалтгаалж үндсэндээ алдагдсан. Харин өнөөдөр энэ байдал сэргэх, нааштай ахиц гарах бодит боломж бүрдсэн гэж үзэж байна. Жишээлбэл, газар тариалангийн салбарын судлаачид экологижсон, байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тариаланг хөгжүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах технологи нэвтрүүлэх зэрэг тулгамдсан асуудлаар олон арван жилийн туршилт, судалгааны ажлын үр дүнд тулгуурлан тодорхой асуудлыг боловсруулж бодлого тодорхойлогчдод хүргэдэг. Харамсалтай нь бодитой бодлого, үйл ажиллагаа болж хэрэгжихгүй байгаа нь үнэн. Дэлхийн аль ч улсад давтагдашгүй онцгой шинжтэй, Монгол орны байгалийн болон биологийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй, оновчтой ашиглах зах зээлийн эргэлтэнд оруулах, чулуу болгох”, мэдлэгийн эдийн засгийн хөгжүүлэх зэрэг чиглэлээр олон арван бүтээл, туурвил гардаг. Гэвч ихэнх ньбодлого, шийдвэр болж чадахгүй байна. Товчхондоо манай салбарын эрдэмтэн, судлаачдын мэдлэг, оюуныг ашиглах, зах зээлийн эргэлтэнд оруулах зөв, оновчтой механизм, тогтолцоотогтож чадваас уул уурхайгаас илүү асар их нөөц бий.  Зөв бодлогоор хөгжүүлж чадвал Монгол улс маш хурдацтай хөгжих боломж байгаа гэж боддог.

 

Өдрийн сонин /2015.01.15-ны дугаарт нийтлэгдэв/ Ярилцсан: Р.Батчимэг